sonin.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн " Том төрөөс ухаалаг төр лүү" санаачилгыг дэмжиж төрийн байгууллагууд хэлэлцүүлэг явуулж, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг уриалсны дагуу аймаг дах  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас "Том төрөөс ухаалаг төр лүү “ зөвлөгөөн, хэлэлцүүлгийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймаг, сумдын төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож өөрийн аймаг сум, байгууллагад “ Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулж санал бодлоо солилцов.

Төрийн албанд чадварлаг албан хаагчийг тогтвортой ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь хангах шаардлагатай бөгөөд үйл ажиллагаа, үр дүнг урамшуулах урамшууллын хөтөлбөрийг боловсруулж байгаа, төрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх зорилгоор аймгийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулсан,  төсөвт зардлыг хэмнэх төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх үүднээс төрийн байгууллагуудыг нэг дор нь төвлөрүүлэх байрыг засварлах болон Нэг цонхны үйлчилгээний төвийг иргэдэд үйлчлэх төв болгон өргөтгөж байгаа, иргэдэд зар мэдээг мессежээр хүргүүлэх тогтолцоог нэвтрүүлж байгаа  гээд хийж байгаа ажлуудаа танилцуулав.   

Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд үйл ажиллагаа, мэдээллийн, төсөв санхүүгийн, хүний нөөцийн ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, алгачлалгүй түргэн шуурхай хүргэх, авилгаас ангид ажиллах, төрийн албан хаагчдыг чадавхижуулах шат шатны сургалт зохион байгуулах, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, зан үйл хандлагад онцгой анхаарах, ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулж, төсөв зардлыг хэмнэх шаардлагатай байгааг тэмдэглэж төрийн байгууллагуудын дарга нарт зөвлөмж  хүргүүлэхээр болов.