sonin.mn
Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх үйчилгээг нээсэн арга хэмжээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд боллоо.
 
Нээлтийн арга хэмжээнд Улсын Бүртгэлийн газрын тэргүүн дэд дарга Д.Баттулга, Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин,  Бүртгэлийн хэлтсийн дарга Л.Билгүүн, 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяа болон албаны бусад хүмүүс оролцов.
 
Хороодын улсын бүртгэгч нар иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл болон оршин суугаа газрын бүртгэлийг хийдэг байсан. Харин өнөөдрөөс эхлэн гэр бүлийн байдлын бүртгэл буюу гэрлэлт, гэрлэлт цуцлалт, гэрлэлт сэргээлт, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт, иргэний үнэмлэхний хаягийн хөдөлгөөний бүртгэлийн лавлагааг хорооноос олгохоор болж байгаа юм6
 
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24 дүгээр хорооноос бүртгэлийн дээрх үйлчилгээг авах боломжтой. Түүнчлэн төрийн байгууллагын анхан шатны нэгж болох хороод эдгээр үйлчилгээг үзүүлснээр иргэддээ түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байна.
 
Дашрамд сонирхуулахад, уг нээлтийн арга хэмжээний үеэр 15 дугаар хорооны иргэн А.Хишигням, Б.Мөнгөнчимэг, хүү Х.Бодь-Очирын хамт гэрлэлтээ батлууллаа. Бүртгэлтийн үйлчилгээг хорооноосоо авсан анхны гэр бүлд дүүргийн Засаг даргын Батламжийг хадгалуулсан бол 15 дугаар хорооны хамт олон алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаасан юм.