sonin.mn
Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2014.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
 
Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хийлээ.
 
  Тамхитай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй улс, үндэстэн улс дамнасан тулгамдсан асуудал болж байгааг харгалзан дэлхий дахинд тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 орон санал нэгтэй баталж, 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш энэ оны эхний сарын байдлаар дэлхийн 177 улс элсээд байгаа аж.
 
Энэхүү конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж авч, конвенц 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.
 
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
 
 Улс, үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог нэг асуудал нь тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм.
 
Тиймээс Тамхины хяналтын суурь конвенцид “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн” хэмээн тодорхойлжээ.
 
Энэ үүднээс Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон улсын тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар бага хурлаар 2007 онд байгуулсан байна.
 
Тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан 5 удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал нэг бүрийг оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлж зөвшилцүүлсний дүнд уг протоколын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар бага хурлаар дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр баталжээ.
 
Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.
 
Манай улс уг протоколыг дэмжин 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан. Одоогоор энэхүү протоколд 54 улс гарын үсэг зурж, 1 улс соёрхон батлаад байгаа бөгөөд 40 улс соёрхон батласнаар протокол хүчин төгөлдөр болох юм байна.
 
  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар Эрүүл мэндийн сайдаас асуулт асуун хариулт авсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 40 нь буюу 72.7 хувь нь дэмжснээр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.