sonin.mn

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 400 гаруй шүүгч ажлаасаа гэнэт чөлөөлөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 400 гаруй шүүгчээ эргээд томилохдоо арванхоёр шүүгчээ “гээчихсэн” нь асуудал үүсээд байгаа юм.

Ямар учраас арванхоёр шүүгчээ “гээсэн” талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн Ерөнхий зөвлөл албан ёсны тайлбар хийгээгүй байна. Ингээд ажлаасаа гэнэт халагдсан арванхоёр шүүгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Г.Нацагдоржтой уулзаж ярилцлаа.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч нарыг аж­лаас нь чөлөөлөөд, эр­гүүлж томиллоо шүү дээ. Цоо шинэ шүүгч боллоо гэж “ариутгасан” хэрэг үү?

-Хууль хүчин төгөлдөр болсон цагаасаа эхлэн үйлчилж эхэлдэг ба өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа бол шинээр үйлчилж байгаа хууль үйлчилнэ. Өөрөөр хэлбэл өмнө­хөөсөө дордуулсан заалтыг буцаан хэрэглэхгүй гэсэн үг юм.

Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагд­сантай холбогдуулан албан үүргээ гүйцэтгэж байсан шүүгч нарыг ажлаас чө­лөөлсөн үйлдэл “Үндсэн хууль”-ийн агуулга, зарчмыг зөрчсөн явдал. Хэрэв шинэ хууль үйл­­чилж эхэлсэн гэсэн үндэслэлээр шүүгч нарыг чөлөөлсөн энэхүү жишгийг зөв гэж үзэх юм бол нийгэмд цаашид маш олон сөрөг буюу буруу жишгийн анх­дагч болно.

Жишээ нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг өөрчлөн найруулж баталлаа гэж бодое, тэгвэл яах уу шинэ хууль үйлчилж эхэллээ гээд одоогийн Цэцийн ги­шүү­дийг ажлаас чөлөөлөх үү. Одоогийн жишгээр бол шүүгч нарыг чөлөөлөхөөд тэд яаж ч чадаагүй юм чинь Цэцийн гишүүдийг чөлөөлөөд өөрсдөдөө таалагддаг хү­мүүсийг уг байгууллагад илгээх нь байна.

Цаашлаад Прокурорын тухай хууль шинэчлэн батласантай хол­богдуулан бүх прокурорыг ажлаас чөлөөлөөд ... гэх мэт эцэс төгсгөлгүй бөгөөд хууль өөрчлөн баталсан нэрийн доор төрийн албан хаагчийг дураараа чөлөөлдөг буруу жишиг тогтох гээд байна.

Ийм нэг буруу жишиг тогтоох эрх зүйн үндэслэлийг ШЕЗ тавьж байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр түү­нийгээ гүйцэлдүүлж байна гэж харагдаж байна. За бас, нөгөө талаас нь буюу эсрэ­гээрээ ч байж болно л доо.

Ерөнхийлөгч ШЕЗ-өөр зориуд хууль зөрчүүлж, үр дүнд нь “өөрийн хүн”-ийг шүүхийн хүссэн шатанд томилж байж ч болох юм. Ер нь бол альч утгаараа байсан МУ-ын Ерөнхийлөгч болон ШЕЗ-ийн үйлдэл нь Үндсэн хуулийн агуулга, зарчмыг зөрчиж байгаа ба онолын ойлголттой ч нйи­цэхгүй юм.

-“Үндсэн хууль”-ийн ямар зарчмыг яаж зөрчсөн бэ?

-“Үндсэн хууль”-ийн 1.2.-т төрийн үйл ажил­ла­гааны үндсэн зарчим бай­даг ба миний яриад байгаа зүйлийн гол агуулга нь “хууль дээдлэх” зарчим болно. Энэ нь хуулинд юу гэж заасан түүний дагуу л үйл ажиллагаагаа явуулах буюу хуулийн заалтыг иш татан шийдвэр гаргах ёстой гэсэн үг юм.

Гэтэл шүүгч нарыг чө­лөө­лөхдөө иш татсан хуулийн заалт нь болж байгаа үйл явдалтай огт авцалдахгүй байгаа нь хууль дээдлээгүй гэдгийг илэрхийлэхээс гад­на Үндсэн хууль зөрчсөн зөр­­­­чил болно.

Хуульд заас­наар шүүгч нар ажлаас чө­лөөлөгдөх хүсэлтээ ШЕЗ -д гар­гах ёстой байх бөгөөд уг хүсэлтийг нь үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч нь ажлаас чөлөөлөх тухай зар­лиг гаргахаар байна.

Хуу­лийн энэ шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж байгаа шүү дээ. Шүүхийн Ерөнхий зөвлөл хуулиар тогтоосон журмыг зөрчсөн буюу хууль ба­римтлаагүй тогтоол өргөн барихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “нэр бүхий шүүгч нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь хаана байна, ийм хүсэлт хэзээ гаргасан бэ” хэмээн шаардах үүрэгтэй байлаа.

Гэтэл Ерөн­­хийлөгч болон түүний ажлын аппаратын аль нь ч ийнхүү шаардаагүй байна. Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4-т “Хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиол­долд” гэж заасан байх бө­гөөд энэ нь чөлөөлөгдөх хү­сэлтээ шүүгчээр ажиллаж байгаа этгээд өөрөө гаргахаас түүний өмнөөс хэн нэг нь ийнхүү шийдэх ёсгүй хэмээн тогтоосон байна.

Тэгэхээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол өргөн барьсан ШЕЗ-ийн үйлдэл нь яах аргагүй “Үндсэн хууль” зөрчсөн асуудал юм.

-ШЕЗ Ерөнхийлөгчид өр­гөн мэдүүлэхдээ бүх шүүгч нарыг тодорхойлсон хэрэг үү. Энэ 12 шүүгч болвоос ажилдаа муу гэдэг ч юм уу?

-ШЕЗ-өөс “архи уусан” гэдэг ч юм уу, “хов живийн шинжтэй тайлбар”-ууд хий­­сэн сураг байдаг юм. Миний үйлчлүүлэгч иргэд “Надад холбоотой ямар факт, баримт байгаа юм бэ. Зөрчил дутагдал байгаа бол баримтаар үзүүлнэ үү” гэсэн хэд хэдэн өргөдөл ШЕЗ-д өгсөн ч огт хариу өгөөгүй байдаг.

Гомдол шийд­вэрлэх /товчилж хэлэв/ ту­хай хуульд зааснаар “өр­гө­дөл, гомдолд дурьдсан асуу­­дал бүрийг судлан үзэж, үн­­­­дэслэл бүхий хариуг” 30 хо­ногийн дотор өгөх үүрэгтэй байна. Гэтэл хариу өгдөггүй, ингээд л хууль зөрчөөд байгаа байхгүй юу.

Ер нь бол үндэслэл бүхий хариу өгч чадахгүй байна гэдэг нь баримт нотолгоогүй байхад ШЕЗ хууль зүйн хувьд үн­дэс­­­лэлгүй тогтоол гаргаж иргэдийн ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна. Харин хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр архи уудаг, ар гэрийн асуудалтай, ажил тасладаг хэмээн нэр заахгүйгээр ярьсан байгаа.

-ШЕЗ гэдэг байгууллага шүүгч нарын эрхийг хам­гаалах ёстой юу, аль эсвэл хариуцлага тооцох, хяналт тавих газар уу?

-“Үндсэн хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 4-т “ШЕЗ шүүн таслах үйл ажил­ла­гаанд оролцохгүйгээр гагц­­хүү хуульчдаас шүүг­чийг шилж олох, эрх аш­гийг нь хамгаалах” гэж заасан. Гэтэл ШЕЗ нь шүүн таслах ажиллагаанд аль хэдийнэ оролцсон шүү дээ.

Яаж гэхээр сүүлийн 3 жил шийдвэрлэсэн хэргийнхээ шийдвэрийг аваад ир гэж шүүгч на­раас шаардаж, хэрхэн шийд­­вэр­лэсэн байдалд нь дүгнэлт хийсэн байгаа юм. Уг нь бол “Үндсэн хууль”-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн орол­цогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах ба уг гомдлыг нь үндэслэн тухайн хэргийг дээд шатных нь шүүх хянаж үздэг.

Гэтэл шийдвэрээ аваад ир хэмээн ШЕЗ-өөс шаардаж байгаа нь шүүгч нарыг айлган сүрдүүлж нөгөөтэйгүүр шүүн таслах ажиллагаанд хөнд­лөнгөөс нөлөөлж бай­гаа явдал юм. ШЕЗ нь хуульчдаас шүүгчийг сонгох эрхтэй болохоос шүүгчдээс шүүгчийг шилж сонгодог байгуулга биш бөгөөд шүүгч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм.

Харин өөрөө хүсэот гар­гаагүй байхад өөр газар руу шилжүүлсэн, сонгон шал­­гаруулалтанд оролцох ир­гэдийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэх мэт олон хэрэг дээр хариуцагчаар ШЕЗ татагдаж байгаа нь Үндсэн хуулиар хүлээсэн үүр­гээ ямар түвшинд хэр­хэн хэрэгжүүлж байгааг илэр­хийлж байгаа болно.

-Шүүгч нарыг хэн шүүх ёстой вэ, ер нь шүүдэг юм уу?

-Шүүгч нарыг шүүнэ гэдэг асуудал онолын болон хууль зүй хувьд байдаггүй ойлголт. Шүүн таслах үйл ажиллагааны явцад шүүгч алдаа гаргасан тохиолдолд давж заалдах болон хя­налтын шатны шүүх дээр засагдах учиртай.

Ер нь бол хүн төрөлхтөний хувьд гурван шатны шүүх бай ёстой юм байна хэмээн бодож олсон нь шүүгч алдаа гаргаж болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд түүнийг харин дараа дараагийн шүүх нь засах үүрэгтэй шүү гэсэн үг тул шүүгчийг хэрэг шийд­вэр­лэсний төлөө шүүх ёсгүй юм.

-Ямар шалтгаанаар ар­ван­хоёр шүүгчийг аж­лаас халсан бэ гэсэн асуулт хариулт нэхээд байна шүү дээ. ШЕЗ болон ажил ол­гогч Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зүгээс тайлбар хийсэнгүй.

-Нэхэмжлэгч нар “шүүгч нарыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бай­гаагүй тул чөлөөлөх тогтоо­­лыг илт хууль бус боло­­хыг тогтоож өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаард­лагаа өөрчилсөн.

Гэ­тэл хариу­цаг­чийн итгэмж­лэгдсэн тө­лөө­лөгч хариу тайлбар өгөхдөө “сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөх нь” хэмээн гараар бичээд “шаардлагад нь хамаарах хуулть зүйн зохицуулалт байхгүй бай­гаа учир нэмэгдүүлсэн шаард­лагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байгаа.

Процессын хуульд зааснаар хариуцагч үн­дэслэл бүхий тайлбарыг нот­лох баримтын хамт шүүхэд өгөх үүрэгтэй бай­хад хариуцагч ШЕЗ ингэж л ажиллаж байна. Ер нь бол хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч чадахгүй байгаа гэдэг нь хуульд заагаагүй үндэслэлээр тэд­нийг албан тушаалаас нь чөлөөлүүлчихсэн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэж үзэхэд хүргэж байна.

-Шүүхийн шинэтгэл гэдэг үйл явц нь бүхэлдээ 12 хүнийг ажлаас чөлөөлөх, шүүхийг эмх замбараагүй болгох асуудал байсан юм биш биз?

-ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “харин ч 12 хүнээр асуудал зогссон нь яамай. Тавь жаран хүнийг ажлаас чөлөөлөх ёстой байсан юм” гэж байна лээ. Уг өгүүлбэр нь ШЕЗ-ийн байр суурь хэмээн ойлгогдож байгаа ба цаана нь үлдсэн нөхөд “аятайхан байгаарай” гэсэн үг юм биш үү.

-Зарим иргэдийн дунд “400 гаруй шүүгчээс тунаад үлдсэн 12 нөхрийг муу хүн” гэж ойлгож байгаа байх. Харин таньд бол эд­­гээр 12 шүүгч ямар ч арын хаалгагүй, намын нө­мөр нөөлгөгүй, нунж до­рой шу­дарга иргэд болж харагд­сан уу?

-Бүгдээрээ муу эсхүл сайн гэсэн дүгнэлтийг би хувь хүнийхээ болон өмгөө­­лөгчийн хувьд хийх боломж­гүй ээ. Ямартай ч нэхэмжлэл гаргасан иргэд маань “Ми­ний алдаа, дутагдлыг хэ­лээд өгөөч ээ” гээд ШЕЗ, Ерөнхийлөгчийн Тамгийн газар болон Ерөнхийлөгчид хандсан байдаг. Аль нь ч хариу өгөөгүй, тэгэхээр нэ­хэмжлэл гаргасан иргэ­дийн буруу байна уу

-ШЕЗ-д ямар нэг мэдээлэл байгаа байх. Архи уудаг ч гэдэг юм уу, ажил тасласан гэх мэт. Тэгэхээр юу асуух гээд байна гэхээр ШЕЗ гэх байгууллага Монгол Ул­сын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг худал мэдээл­­лээр хан­гасан гэдэг­тэй санал нийлэх үү?

-Худал мэдээллээр хан­гасан байж болох юм аа. Өөрөөр хэлбэл нийт шүүгч нарын хэн хэн бэ гэдгийг Ерөнхийлөгч нэг бүрчлэн мэдэхгүй тул ШЕЗ-өөс гар­гаж өгсөн судалгаа болон дүгнэлт дээр тулгуурлан зарим нэгийг томилохоос татгалзсан.

Олон нийт шүүгч нарыг авлигад өртдөг, улс төрийн захиалгаар асуудал шийддэг хэмээн ярьдаг. Тийм учраас Шүүхийн шинэчлэл гэх нэрийн хү­рээнд “Шүүгч нарын бо­лохгүй хэсгийг ажлаас халчихлаа” гэсэн ойлголт өгөхийн тулд гоомой зүйл хийчихсэн үү гэсэн хардлага бий. Энэ арванхоёр шүүгч бол олон нийтэд харуулах үзүүлэн нь болчихсон бөгөөд. “их зорилго, бага золиос” гэдэг үгийг сануулсан хэрэг болсон.

-Ажлаас гэнэт халагдсан хүнд төрөөс тэтгэмж олгодог байх шүү?

-Тийм ээ. ШЕЗ эдгээр хүмүүсийг хуулийн дагуу чөлөөлсөн юм бол ажлыг нь хүлээлцэх, хариуцаж байсан хэргийг нь хуваарилах, гэнэт халагдсаны тэтгэмж өгөх зэрэг асуудлыг шийдэж, үнэмлэхийг нь хураан авч, дипломыг нь эгүүлэн өгөх ёстой байлаа.

Гэтэл тийм зүйл хийгдээгүй нь хууль зөрчиж чөлөөлөх санал гар­гасан гэдгээ хүлээн зөв­шөөрөөд байгаа явдал гэж үзэж байна. Уг нь бол шүүгч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.

-ШЕЗ гэдэг байгууллага хууль зөрчөөд байна гэж та хэллээ. Хууль зөрчсөн байгууллагатай хэрхэн хариуцлага тооцох ёстой юм бэ?

-ШЕЗ-ийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаа тохиолдолд удирдаж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцохоос гадна хамтын удирдлага бүхий байгууллага тул гишүүдийг нь илгээсэн байгууллагын санаачлагаар эгүүлэн татаж болно.

Р.Саруул

Эх сурвалж: