sonin.mn

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.

-Худалдан авах ажил­лагааны газар бай­гуу­­лаг­даад гаруйн хуга­цаа өнгөрлөө. Энэ хуга­цаанд тендер сонгон шалга­руу­лалтад ямар ахиц гарсан бэ. Тен­де­рийн будилааныг хэрхэн зогсоох вэ?

-Бидний хувьд худалдан авах ажиллагааны мэдээл­лийн ил тод байдлыг хангах талаар түлхүү анхаарч ажил­­­лаж байна. Манай га­зар бай­гуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд хий­сэн том ажил бол цахим тендер шалгаруулалт.

Урьд нь тендерийн зарын мэдээлэл их товч байдгаас тендерт оролцогч аж ахуйн нэгж тухайн урилгыг ха­раад бү­рэн мэдээлэл авч ча­даагүй ч гурван зуун мян­ган төгрөг хүртэлх төл­бөр төлөөд ба­римт бичгээ х­у­далдаж авдаг байсан.

Цахим тен­дерийг хэрэг­жүүлснээр аж ахуйн нэгж, иргэд тендерийн урилга, баримт бичгийг үнэ төл­бөргүй татаж аваад шаард­­лагатай нь бүрэн танилц­саны дараа энэ тендерт манайх оролцох боломжтой гэж үзвэл 50 мянган төг­рөгөө онлайнаар төлөөд оролц­дог болсон.

Өөр нэг асуудал бол цахим мэдээлэл солилцоог нэмэгдүүлж байна. Үүгээр тендерийн баталгааг арил­жааны банкуудтай хамтарч цахим хэлбэрээр гаргах юм. Урьд нь аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуу­рамчаар үйлдэх нь их байсан бол цахимаар мэдээлэл со­лилцоо хийдэг болсноор үүнийг таслан зогсооно.

Дээрээс нь Татварын ерөнхий газрын мэдээллийн сантай холбогдож, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн талаарх мэ­дээллийг авч, Сангийн яамны Санхүү, нягтлан бо­дох бүртгэлийн системтэй холбогдож, санхүүгийн тайланг нь магадалж байна.

Энэ бүхэн нь тендерийн маргааныг зогсоож, тендерт оролцогсдын санхүүгийн чадамж, бүхий л мэдээллийг үнэн зөвөөр олж, нягтлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Цахим аргыг ашиг­ласнаар цаг хугацаа хэмнэхээс гадна бичиг баримт хуурамчаар үйлдэх зөрчлийг арилгаж байгаа гэлээ. Цаашдаа ямар байдлаар цахим тендерийг хөгжүүлж болох бол?

-Цаашид бид цахим тендерийн тогтолцоог хөг­­жүүлж, төрийн бай­гуул­лагуудаас авдаг тодор­хойлолт, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс заавал цаасан баримтаар авдаг байдлыг өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, тен­дерт оролцогсдоос шаард­даг Нийгмийн даат­галын ерөнхий газар, шүү­хийн ч юм уу цаасаар ба­тал­гаажуулдаг мэдээллийг бид өөрсдөө төрийн бай­гуул­лагын мэдээлийн санд холбогдон шалгах юм.

Урьд нь бид цаасаар шалгаж байхад тендерт оролцогсод цаасаар хуурамч материал ирүүлэх зөрчил байсан. Цахимаар мэдээлийн сан­гаас аваад ирэхээр тен­дер шалгаруулалтын үнэл­гээ бодит болох ач хол­бог­долтой.

Мөн бид мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс хяналтын төсвийг тендерийн баримт бичигт хавсарган зарлаж байна. Урьд нь энэ хяналтын төсвийг олж авах гэж хү­мүүс танил талаа ашиглах явдал их байсан бол одоо нийтэд мэдээлж байна.

-Мэдээллийн ил тод байдал гэдэгт тендерт шал­гарсан оролцогчийн ма­те­риалыг нийтэд дэлгэх асуу­дал ч хамаарна. Тендерт шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийн материалыг хэ­зээ, хэрхэн дэлгэх вэ?

-Тухайн компанийн нууцын зэрэглэлийн мэ­дээллийг зарлахгүйгээр тен­дерт шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг нийтэд мэдээлж байх асуудлыг ярьж байна. Тендерт үнэхээр муу компани шалгаруулсан юм уу, сайныг шалгаруулсан юм уу гэдгийг ил тод болгох зорилготой энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ.

-Иргэдийг тендер сон­гон шалгаруулалтад орж хяналт тавих эрхийг бүрдүүлнэ гэж байсан. Энэ хэрэгжиж чадаж байгаа болов уу?

-Манай газар нийслэл, орон нутагт харьяа салбар нэгжтэй. Худалдан авах ажиллагааны газрын хувьд улсын болон бүс нутгийн шинж чанартай, томоохон төсөвт өртөгтэй тендерийн ажлыг хариуцдаг.

Сум, дүүрэг дээр олон нийтийн оролцоотой худал­дан авалтын ажиллагааг хийж байгаа. Энэ нь 20 сая хүртэлх төгрөгийн тө­сөвт өртөгтэй ажлыг олон нийтийн оролцоотой ху­далдан авалт хийж бай­гаа. Ингэснээр иргэн тухайн дүүрэгтээ өрнөж байгаа барилга, бүтээн байгуулалт, засварын ажлыг хянаж, санал бодлоо хэлэх эрхтэй юм.

-Он гараад нийт хэдэн тендер шалгаруулсан бэ. Мөн энэ оны хувьд хэчнээн тендер зарлах бол?

-2014 он гарснаас хойш www.meps.gov.mn цахим хуудсаар нийт 195 тендерийн сонгон шалгаруулалт явуулж, үүнд 722 аж ахуйн нэгж оролцсон. Энэ нь ихэвчлэн ажлын тендер буюу авто зам, гүүр, эрчим хүч, барилга, тоног төхөөөрөмж оруулж ирэх зэрэг ажил байлаа.

2014 оны хувьд нийт 125 төсөл, хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулна. 125 гэж байгаа боловч үүн дотроо их олон задарна л даа. Ажлын чиг үүргээр нь ангилвал, эрчим хүчний 32, цэцэрлэгийн 22, сургууль 15, эрүүл мэндийн төв 11, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, дотуур байр найм, соёлын төв долоо, спорт цогцолбор зургааг тус тус барихаар байна.

-Цахим тендер гэхээр шүүмжлэх хүмүүс байдаг. Тендерт оролцох ха­риуц­лагатай ажлыг заавал цахимаар явуулахаар мэ­дээллийн технологийн мэд­лэг хомс хүмүүст то­хи­ромжгүй гэдэг. Яаж хүр­тээмжтэй болгох вэ?

-Цахим тендерийг зо­хион байгуулах нь дээр хэлсэнчлэн их үр ашигтай. Манай газрын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйл­чилгээ бий. Хэрэв цахим тендерийн тухай нарийн мэдээлэл авахыг хүсвэл www.e-tender.mn, www.meps.gov.mn сайтаар орох болон нэг цэгийн үйлчилгээн дээр ирж хандаж болно.

Цахим тендер шалгаруулалт шинэ тогтолцоо учраас аж ахуйн нэгж, иргэдэд бүрэн мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Тиймээс бид нэг цэгийн үйлчилгээн дээрээ Мягмар, Пүрэв гарагийн 15.00 цагт тогтмол сургалт үнэ төлбөргүй хийж байгаа.

-Цахим дэлгүүрийг энэ сараас эхний ээлжинд зургаан агентлагийн бич­гийн цааснаас эхлүүлнэ гэж байсан. Яагаад хой­шилсон юм бол?

-Уг нь статистикийн газраас тухайлбал бичгийн цаасны нэгж үнийн су­далгааг авсан. Гэхдээ манайх давхар энэ судалгааг хийх ёстой. Энэ ажил маш өргөн хүрээнд, олон талын тооцоо болон өмнөх жилүүдийн хэрэглээ зэргийг харгалзан үзэх учиртай. Тиймээс хугацаанаас хоцорчихсон яваа. Харин систем та­лаасаа бүх асуудал бэлэн болчихсон.

-Ер нь үүнийг хэрэг­жүүлэхийн гол үр дүн нь юу вэ?

-Төрийн байгууллагууд бичиг хэргийн бараа мате­риалын худалдан авалт байнга хийдэг. Ингэх бүртээ тухайн шаардлагатай бүтээгдэхүүнээ өөр хоорондоо харилцан адилгүй үнээр авдаг. Өөрөөр хэлбэл төсвийн урсгал зардлын хяналтгүй зарцуулалт явагддаг гэсэн үг.  Үүнийг нэг зарчимд оруулахын тулд олон улсад Ерөнхий гэрээгээр зохицуулдаг.

Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй аж ахуйн нэгж, зах зээл дэх нэг бүрийн үнийн суурь судалгааг хийгээд, тэр жилд хэдий хэмжээтэй худалдан авалт хийж болох зэргээр судалж нэгж үнийн гэрээг хийдэг. Ингэснээр зах зээлийн хамгийн хямд үнээр төрийн байгууллагууд худал­дан авалтыг нэг үнээр хя­налт­тайгаар авдаг болох юм.

-Гэхдээ Цахим дэл­гүүрийн үйл ажиллагааг маш сайн зохион бай­гуу­лахгүй бол цөөн ком­пани монополь болох магад­лалтай гэдэг биз дээ. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Манай улсын хуульд бол нийлүүлэгч нэг бай­гууллагатай гурав хүртэл жилээр гэрээ байгуулах боломжтой гэж заасан байдаг. Гэхдээ олон улсад хам­гийн ихдээ нэг жил заадаг. Энэ нь таны хэлсэн монополь байдлаас урьдчилан сэргийлж буй хэлбэр юм. Бид ч гэсэн гэрээний хугацаа болон олон нийлүүлэгчтэй байхаар зохицуулалт хий­хийг хичээж байна.

Түүнчлэн манай улсын хувьд үйлдвэрлэгч бус импортлогч учраас гадны туршлагуудыг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээгээр өөрч­лөлт оруулахаас аргагүй болдог.

-Импортлогч нийлүү­лэгчдэд өнөөгийн нөхцөл байдал шиг валютын ханшийн өсөлт зэрэг нө­лөөлвөл яах вэ. Гэрээ нь хэр хатуу вэ?

-Нэгж үнийн гэрээнд заачихсан байгаа. Бусад орнуудад үнийн индексээр зохицуулж арга хэмжээ авдаг гэж ярьдаг.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: