sonin.mn

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 2 жил өсөөгүй эдийн засгийг 100  хоногт эрчимжүүлж чадах уу, дэндүү үрэлгэн зардал гарч байна гэх мэтээр гишүүд  саналаа уралдууллаа. Ингээд заримаас нь товчлон хүргэе.

 УИХ-ын гишүүн Сү.Батболд- Эдийн засгийн хөгжлийн сайд   урагшаа хойшоо гэж ярихгүй гэсэн мөртлөө л энэ сэдлийг  өөрөө гаргаад л байх юм. Өмнөх Засгийн газар халамжийг тараасан гэж та хэд хэдэн удаа дурьдлаа. Ер нь үүнийг та өөрөө хэр ойлгож  явдаг  хүн бэ. Эдийн засаг өсч байна, хоёр оронтой тоонд хүрчлээ л гэнэ.

Бидний үед өсөлтийн суурь нь тавигдсан энэ эдийн засаг цөөхөн хүнд хүрээд байна уу, эсвэл ард түмэнд тэр дундаж давхаргыг бий болгох тэр зорилт руу яваад байна уу. Хоёр нам хамтарч Засаг барьж байх үедээ энэ эдийн засгийн өсөлтийг айл бүрт наалдуулах зорилгоор  монгол хүн бүрт 21 мянган төгрөгийг тараах шийдвэрийг гаргаж байсан.

Энэ шийдвэрийн угшлыг хөөх юм бол анх хүүхдийн мөнгө нэртэйгээр Ардчилсан намаас гарч байсан шийдвэр юм шүү дээ. Үүнийгээ бид хөгжүүлж явсаар Хүний хөгжил сан болгож байсан түүхтэй. Гэтэл   эрхэм сайд та сая нэг гишүүний асуултад хариулахдаа хүний хөгжил сангийн мөнгийг босгохын тулд өндөр хүүтэй зээл аваад 300 саяыг   өгсөн  гэж худлаа яриад эхэллээ.

Энэ чинь нүүрсний урьдчилгаа төлбөрт л авсан мөнгө юм шүү дээ. Хүү нь арилжааны  банкны хүүгийн дэргэд өндөр ч  биш байсан. Хамтарч Засаг барих үедээ бид үүнийг хамтарч л хийсэн. Хавтгайруулсан халамжийг бид зорилтот хэсэг рүү, тухайлбал хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглүүлж хөтөлбөр боловсруулж байсан

. Гэтэл  та бүхэн өмнөх Засгийн газар ингэсэн тэгсэн хэмээн өөрсдөө хамтарсан засгийн газарт байгаагүй юм шиг л аашилцгаах юм. Эдийн засагт  өсөлт  байгаа юм бол цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлээд цөөхүүлээ идэх биш, ард түмэндээ энэ өсөлтөө наалдуулах хэрэгтэй шүү дээ.

Худалдааны тэнцэл боллоо, энэ бол эерэг сайн зүйл гэж та бас дурьдах шиг боллоо. Эдийн засгийн онол талаасаа тэгж хэлж болно. Гэхдээ нөгөө талаасаа энэ чинь бүсээ чангалж, хэрэглээгээ багасгаж байгаа зүйл болж байна.

Замын-Үүдэд өдийд  машин тэрэг овоорч байдаг байсан гэтэл одоо эл хуль болжээ гэж саяхан нэг бизнесмэн ярьсан байна лээ. Эдийн засаг хумигдаж байгаагийн жишээ шүү дээ, энэ чинь тэгээд сайн үзүүлэлт үү. Компаниуд ажлын байраа олноор нь багасгаж байна, энэ тэгээд сайн хэрэг үү.

Ядуу орон , баян орон, хөгжилтэй орон гэж та бас дурьдаад байна лээ. Сайн засаглал гэж ямар орныг хэлдэг вэ. Засаглал нь нээлттэй, хяналттай, сөрөг хүчин болоод нийгмийнх нь оролцоо өндөр , хувийн хэвшил болон ард түмэн нь бүтээлч эрмэлзэлтэй улс орныг хөгжилтэй улс орон гэж тодорхойлдог.

Гэтэл баялаг бүтээж буй хувийн хэвшлийнхний ажил нь хумигдаж, эрх баригч  нөхдүүдийн хяналт тавигдаж өгөхгүй байнгын хороондоо сөрөг хүчин нь орж чадахгүй байна шүү дээ. Энэ тэгээд сайн засаглал уу .. хэмээн