sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан хэрэгжүүлэхээр  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэх ажлын нээлт 4 сарын 24-нд боллоо.

Энэ өдрөөс эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 50 хороо иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлээс гадна иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалт, гэрлэлт сэргээлт, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт, иргэний үнэмлэхийн болон  хаягийн бүртгэлийн лавлагааг олгох боломжтой болж байна.
 
Нийслэлийн Засаг дарга энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр төрийн  үйлчилгээ иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүйгээр, хүнд сурталтгүйгээр, олон шат дамжлаггүйгээр үйлчилгээ авах боломжтой болж байна гэсэн үг юм.

Энэ жилдээ багтаан төвийн зургаан дүүргийн бүх хороодыг шилэн кабелд холбож  улсын бүртгэлийн 20 гаруй үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Улсын бүртгэлийн хамт олонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.  

Одоогоор СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,  Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р хороог шилэн кабелд холбоод байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.