sonin.mn

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, "давхар дээл"-ийг энэ ондоо тайлуулахаар санал өгсөн дөрвөн гишүүндээ намын дүрмийн заалтын дагуу хариуцлага тооцно гэдгээ УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдэгдсэн.

Хариуцлага тооцно гэдэг нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж ойлгож болох бөгөөд үнэндээ намаас хөөсөнтэй ялгаагүй юм.

Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийг ирэх долдугаар сараас хэрэгжүүлэхээр санал өгснийхөө төлөө элдвээр хэлүүлээд байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нарыг дэмжиж байгаа хүмүүс олон бий. Гэтэл тэднийг намаас хөөх саналыг орон нутаг дахь гишүүд нь тавьж байгаа гэж Ерөнхий сайд өчигдөр 30 минут уулзалтынхаа үеэр хэлж байна лээ.

Асуудалд ямар өнцгөөс яаж хандах нь УИХ-ын тухайн гишүүний бүрэн эрх. Намын шийдвэр гэдэгт хайрцаглагдалгүй өөрийнхөө итгэл үнэмшлээр санал өгсөн дөрвөн гишүүнийг ийнхүү намаасаа хөөнө гэх мэтээр сүрдүүлж байгаад АН-ын жирийн гишүүд нь дургүйцэж, "ардчиллаа хамгаалах хөдөлгөөн" байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Тус хөдөлгөөнд Баянхонгор, Сүхбаатар аймаг болон Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй нэгдэж, тойргоосоо сонгогдсон гишүүдээ хамгаалах сурагтай.