sonin.mn

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 04 сарын 24-ний өдөр болж, “Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ын төслийг хэлэлцлээ.

Уг журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39, 13/52 дугаар тогтоолуудаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулах үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнө нь нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ  цаасаар өргөдөл хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Энэ нь Газрын албанд иргэдийн урт дараалал үүсч, тухайн иргэн өөрийн биеэр олон удаа ирэх зэрэг  зохион байгуулалтын хүндрэл гарч байжээ.

Тиймээс энэ ажлыг хөнгөвчилж, иргэдийн цаг хугацааг хэмнэх зорилгоор цахим хэлбэрээр газар олголтыг явуулах тусгай програмыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулсан байна.

Энэхүү програм ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа нийслэлийн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг цахим хэлбэрээр авах боломж бүрдэх юм. Цахим газар олголтыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  сайтаар зохион байгуулах бөгөөд уг сайтад нийслэлийн ИТХ-аар тогтоосон 52 байршил,  батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүдийг нээлттэй, ил тод байруулна.

Өөрөөр хэлбэл иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлуудын албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, хил заагийг харуулсан байршлын зураг, тухайн байршилд өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, өмчлөх хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн тоо зэрэг мэдээллийг байршуулсан байна.

Харин иргэд Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас /Нийсэлийн Өмчийн харилцааны газар/ газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудаас сонголт хийж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж, цахим системд илгээнэ.

Ингэхдээ тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд нь газар өмчилж аваагүй иргэдэд цахим систем автоматаар өргөдлийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар илгээнэ. Баталгаажуулалтын дагуу хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд хандан хүсэлтээ баталгаажуулах юм.

Харин иргэдэд газар өмчлүүлэх байршилд хүсэлт хүлээн авах хугацааг зарласан өдрөөс хойш 15 хоног гэж журамд тусгасан бөгөөд хугацаа дууссаны дараа газрын нэгж талбарын тоогоор нийт хүсэлт гаргагчдын дунд програм автомат үйлдлээр сонголт хийж, хүсэлт гаргагчийн гар утас, цахим шуудангийн хаягаар сонгогдсон эсвэл сонгогдоогүй гэсэн хариуг илгээснээр газар олголт хийгдэнэ. Нэгж талбар бүрд дээрх байдлаар газар олголт хийхээр төлөвлөж байна.

Гэр бүлийн зориулалтаар иргэд газар өмчлөх сонирхол их байгаа тул аль болох олон иргэдэд газар өмчлүүлэх зорилгоор нэг иргэнд олгох газрын хэмжээг 0,05 га байхаар журмын төсөлд тусгажээ. Мөн цахим газар олголтод нийслэлийн Засаг даргын А/726 дугаар захиаржийн дагуу 2013 оны 05 сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн иргэд хамрагдах юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг журмын төслийг дэмжиж нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.