sonin.mn

Монгол орон түүхийнхээ шинэ хуудсыг нээж, иргэний ардчилсан нийгмийн замналыг сонгосноос хойш хорин дөрвөн жил өнгөрчээ. Одоогийн Монгол орныг 1990 оноос өмнөх үетэй харьцуулбал улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүх хүрээнд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц үсрэлт хийж, эрчимтэй хөгжлийн гарааг эхлэхэд улс үндэстний оюун сэтгэл хөвчрөн чиглэж байна.

Хувь хүнээр жишвэл, нэгээхэн үеийнхэн бойжиж төлөвших тодорхой хугацаанд улс нийгмээрээ ийм өөрчлөлт хийж чадсан нь монголчууд бол хүчирхэг үндэстэн мөн гэдгийн нотолгоо мөн. Тэгэхдээ ухаалаг хүчтэй үндэстний зайлшгүй шинж төрх нь өнгөрсөн түүхээ мартаж мансуурах бус орчих орон цагийн өнгөөр учрах сорилт бэрхшээлүүдийг урьдаас оношилж, өөрийнхөө алдсан гээснээ үл давтахад орших билээ.

Энэ үндсэн дээр Монгол орныхоо амьдралын одоогийн байдлыг шинжилбэл, нийтээрээ анхаарч хандууштай цөөнгүй бэрхшээл, сорилтын үр боловсорч байна. Үүнээс зөвхөн гурвыг нь сөхөхийг хичээв.

Нэг. Гурван бартаа 1. "Хуурамч ардчилал", үнэн үү?
Өнгөрсөн жил, дэлхий даяар алдартай улс төрийн зүтгэлтэн Аун Сан Су Чи манай УИХ-ын индрээс "хуурамч ардчилал бол дарангуйлагч дэглэмээс илүү аюултай" гэж өгүүлсэн нь тэрхэн үедээ дуулиан тариад мартагдах төлөвтэй. Тэгэхдээ хүний бүтээж амьдрах насны бүхэл үеийн турш зүтгэж, тэвчиж олж аван ардчиллын ололтуудаа хиргүй бузаргүй авч явахын хүсэл дээрх эрхмийн үгийг дахин дахин эргэцүүлэхэд хүргэсээр амой.

"Ардчилал бол ард түмэн өөрөө төрөө байгуулж, өөртөө үйлчлүүлж, өөрөө хянахын утга мөн" болох тухай А.Линкольний томъёолол "хуурамч" хийгээд "үнэн ардчиллын заагийг ялган өгнө.

Ардчиллын үзэл санааны тугийг барьж яваа АН 2012 оноос хойш төрийн жолоог авч, Ардчилсан хувьсгал төгс ялалтад хүрсэн энэ үед туулсан замаа эргэн шүүж, алдсан оносон бүхнээ дэнслэх нь түүхэн ач холбогдолтой байж болох юм.

Монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш зургаан удаа төрөө сонгож өдийг хүрчээ. Элдэв холио найрлага, элдэв хувилбартай сонголт хийж үзлээ. Энэ бүхний дотор нэг сонирхолтой хандлага гуйвалтгүй хэрэгжиж ирсэн нь төрийн дээд суудалд хөрөнгө чинээтэй "эрхмүүд" улам улам түрж орсоор байгаа явдал юм.

1992 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн байгаагүй бол 2012 оны сонгуульд нэр дэвшигчид зөвхөн сурталчилгааныхаа зардалд 1.0 тэрбум төгрөг зарцуулах нь хэвийн үзэгдэл болжээ. Нэг тэрбум төгрөг эгэл иргэн хүний 2000 сарын орлоготой тэнцэнэ. 2000 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүдийн 1/4 нь тэрбумаас дээш хөрөнгөтэй байсан бол 2012 оны сонгуулийн дараа 2/3 нь энэ түвшнээс давжээ.

УИХ-д Монголдоо зартай бүх компанийн төлөөлөл байгаагийн дотор "MCS", "МАК", "МонУран", "Монроуд", "Монос", "Ажнай" гэх мэтийн сүүлийн үед хөлжсөн бүлэглэлүүд шууд төлөөллөө оруулав. УИХ нь нэгэнт хөрөнгийн эрхшээлд орсны толин тусгал нь Засгийн газрын бүрэлдэхүүн болж, компаниар овоглосон сайдуудын танхим бүрджээ.

Энэ бүх үзэгдлүүдийг цомхотгож дүгнэвэл одоогийн Монгол оронд ард түмнийг гэхээс илүү олигорхиудын засаглал тогтжээ гэхэд хилсдэхгүй. Уг нь аль ч улс үндэстэн өөрийн орны зах зээлийн орон зайг эзэлж, үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, улс оронд хямрал гамшиг тохиолдсон үед мөр түших чадал тэнхээтэй, эрх зүйн нэгдмэл орчинд амьдрах чадвартай үндэсний баячуудтай байх нь түүний тусгаар тогтнол аюулгүй байдлын нэг гол баталгаа, өөрийн нь бахархал болж байдаг л даа.

Тэгэхдээ энд төрийн эрх мэдлийг хөрөнгийн ноёрхолтой хослуулсан олигархи хэмээх [олигархи гэхээс олигополи гэвэл илүү зөв] бүлэглэлийн тухай өгүүлж байна. Олигархиудаа бид олон жил харлаа. Тэдний олонхийн сэтгэл зүйн нийтлэг шинж нь дараах дөрвөн онцлогтой гэж үзэж болох юм. Үүнд:

1.  Олигархиуд ямагт хоёр дүрээр амьдарна. Нэгдүгээр дүр нь хөрөнгө мөнгөө арвижуулах туйлын зорилгоо илэрхийлнэ. Хоёрдугаар дүр нь сонгууль ойртоход юм уу, мэдээллийн хэрэгслээр олон түмний өмнө гарахдаа эх оронч үзэл, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчийн дүр эсгэнэ. Харин үнэн хэрэгтээ тэдний нэгдүгээр дүр нь санаачилсан, дэмжсэн хууль бүхэнд нь тамга болж үлддэг бол хоёр дахь дүр нь өөрийгөө магтан дууллын цуурай болж замхарна.

2.  Олигархиуд бол эзнээ нуусан зарцууд юм. Тэд сонгогчдодоо "Би бол та бүхний зарц мөн гэж ухуулах боловч жинхэнэ эзэн нь тэдний хөрөнгө байдаг. Улс орон ард иргэдийн амьдрал яаж ч хямарч байсан, тэд өөрсдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдгийг 2008 оноос хойш дараалсан хямралуудын үед төрөөс хийсэн алхмууд тод харууллаа.

3.  Олигархиудын итгэл үнэмшил, амьдралын үнэлэмжийн цөм нь мөнгө юм. Тэд төрийн өндөр албыг намд өгсөн хандив. сонгогчдод тараасан мөнгөөр худалдаж авсан. Тэдний хувьд мөнгөөр юуг ч худалдаж авч болохоос гадна, мөнгө олдох бол юуг ч худалдаж чадна.

Төрийн албаны дархлаа нь тэднийг хаацайлах хуяг бамбай болно. Одоогийн төрийн өндөр албаныхан дотор хууль бус үйлдэлд холбогдоод албан тушаалын дархлааны ард нуугдаж байгаа хүмүүсийн тоог 1000 хүнд нормчилж бодоход хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдэж байцаагдсан энгийн иргэдийнхээс 10-30 дахин их ажээ.

4. Олигархиуд хотоо хамгаалахаас илүү хээрийн боохойтой нийлэхийг сонирхоно. Энэ нь тэдэнд "гадаадын хөрөнгө оруулалт" хэмээх элдэв хөнгөлөлт эдэлж, Засгийн газрыг урхидан гэрээ байгуулж, татвар, хуулийг тойрох аврал болно. Үүнийг "Бороо гоулд" компани Толгойтын ордыг ашигласан туршлагаа харж болно.

Хэрэв цаад талаасаа манай олигархиудад "ногоон"-ы үнэрээр дохивол Ерөнхий сайд байсан ч хамаагүй, толгойгоороо дэнчин тавьж байгаад иргэдээ хуурч, хуулийг зөрчиж, эзнийхээ хөлийг тэвэрч , гутлыг үнсдэгийг Оюутолгойн гэрээ болон бусад олон удаагийн үйлдлүүд нотоллоо.

2012 оны сонгуулиас хойш УИХ-д олонх болсон олигархиуд намын харъяаллаас үл хамааран эвсэж, төрд ноёрхох хүч болсныг өнгөрсөн намрын ээлжит бус чуулганаас хойш өрнөсөн үйл явдлууд тод харуулав.

Том хөрөнгийн давуу байдал, эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хойч ирээдүйгээр дэнчин тавьж, өр зээлээр барьцаалан өөрийнхөө өнөөдрийн ашиг хонжоог хайх, эх орныхоо өв баялгийг үнэгүйдүүлж үрэх нь манай олигархиудын үзэл болж байна.

Төр олигархиудын ноёрхолд автав Хэдийгээр энэ байдал монголчуудын ардчилсан хувьсгалаар олж авсан эрх чөлөө, итгэл үнэмшлийг бүхэлд нь хамарч харлуулж чадахгүй ч Монголын ардчилалд хуурамч ардчиллын үнэр оруулах хангалттай хүчин зүйл мөн. Орос ардын сургаальд "халбага давирхай торх балыг гутаадаг" гэдэг.

Монгол улсын Үндсэн хуульд "хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулахыг зорино" хэмээн тунхагласан. Мөн тэнд "Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна" гэж заасан. Гэтэл одоогийн бодит байдал нэлээд зөрүүтэй болжээ. Үүнийг төрүүлсэн нөхцөл нь:

1.    Төрийн сонгуульд улс төрийн намууд үнэмлэхүй давамгайлж нэр дэвшүүлдэг. Бие дааж нэр дэвшигчид сонгогдох магадлал хэзээ ч 5 хувиас давж байсангүй. Гэтэл улс төрийн намууд улс орныхоо зам мөрийн талаар үзэл баримтлалаараа өрсөлдөхөөс илүү хөрөнгө мөнгө, бэлэг сэлт тарааж, сонгогчдын саналыг "худалдаж авах" ажиллагаа сонгуулиас сонгуульд хавтгайрч ирсэн нь амьдралын үнэн билээ.

Үүнээс үүссэн санхүүгийн дарамтын дор улс төрийн намууд сонгуульд орох эсэх, төрийн албаны суудлыг хүртэл үнэлж худалдах лангуу болж хувирсан юм. Ийм байдал төрд тэмүүлсэн хөрөнгөлөг хүмүүст нэн таатай нөхцөл бүрдүүлэв. "Дайран дээр давс" гэгчийн үлгэрээр, төрийн албан хаагчдыг намын харъяалалгүй болгохдоо төрийн сонгуульд оролцох боломжийг хаасан нь намуудыг олигархиудын зоогийг ширээн дээр таваглаж өгсөн юм.

2.    Төрд шүглэсэн авилга, хахуулийн тогтолцоо төрийн эрх мэдлийг хамгийн ашигтай бизнес болгов. Улсын төсөв эдийн засгийн өсөлтөөс түрүүлж тэлж байхад "тендер" авах, төрийн бодлогод өөрт ашигтайгаар нөлөөлөх, төрийн албыг худалдах нь том хөрөнгө эзэмшигчдийн тэмүүлэх эцсийн зорилгыг тодорхойлж иржээ. Үүнээс улбаалаад "олигархижсан төр", "авлигажсан төсөв", "захиалгат хууль" ердийн үзэгдэл болжээ.

3.    Санал худалдаж авахад гаршсан нам хийгээд нэр дэвшигчид нь сонгогчдын дунд нүнжигтэйд нь саналаа өгнө гэсэн ухуулга шургуу явуулж, тарчиг ядуу амьдралтай хүмүүсийн сэтгэхүйг мөлжиж буян үйлдэгчийн дүрээр төрийн сэнтийд хүрсэн тохиолдол цөөнгүй.

Монголчууд эрт дээр үеэс хахууль үмхэгчдийг шоолж:

"Арван лангийн ембүүнд
Алгаа тосдог аав уу даа
Хорин лангийн ембүүнд
Хормойгоо тосдог ээж үү дээ"

гэхчлэн дуулж ирсэн ч эдүгээ цагт хахууль үмхүүлэх нь төрийн намууд төрийн эрх авах нэг үндсэн арга болж хувирснаар төр олигархиудын халаасанд оржээ.
Олигархиудын төр 10 жил дуншиж төрөөд хоёр дахь жилийн нүүр үзэж байна.

Энэ хугацааны засаглалын үр дүн нь хэдийгээр Монголын түүхэнд тохиолдоогүй их өр, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцлийн алдагдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн бууралтаар илэрч байгаа ч нийгмийн үр дагавар нь бүрэн тодроогүй байна.

Одоо аав ээжийнхээ өвөр дээр эрхэлж суугаа хойч үеийнхэн бие даасан амьдралын замд гарахдаа дааж давшгүй өр төлбөр үүрэх үед эцэг өвөгчүүд нь олигархиудаа эрхлүүлж залахын төлөө хийсэн нүглийн үйлийн үрийг үзэж зовох биз ээ.

Олигархиудын засаглалын үед зах зээлд том хөрөнгийн ноёрхол бэхжиж, нийгмийн дундаж анги бүрдэх боломж явцууран, нийгмийн баялгийн хуваарилалт шударга ёсны тэгш хуваарилалтаас улам гажсаар байх болно.

Энэ нь яваандаа нийгмийг хямрал сөргөлдөөний ангал руу хөтөлдөг нь түүхийн аксиом [баталгаа шаардахгүй үнэн] юм. Даяаршлын энэ эринд олигархиудын нэгэн цагийн ашиг хонжоо хайсан үзэл улс үндэстнийхээ язгуур эрх ашгаас зөрж одохыг үгүйсгэхгүй.

Төрийн эрх мэдэл том хөрөнгийн гарч орж байгаа энэ үзэгдэл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үзэл номлолоос зөрж байгаа утгаараа улс орны зам мөрийн төлөө хариуцлага хүлээх ёстой улс төрийн намуудын хувь заяаг хөндсөн асуудал мөн. Олигархиуд төрд орж ирэх хаалганы түлхүүр намуудын гарт байдаг.

Ардын наадам болоход баячуудын морь уралдуулж, төрийн сонгууль болоход намуудын баячууд уралддаг одоогийн жамыг өөрчлөхийн тулд улс төрийн намуудын эрхзүйн орчинд гүнзгий шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

2. "Хөөсөрсөн өсөлт" хөгжил биш
Улс орны ардчилсан замналын туйлын зорилго нь нийгмийн хөгжил, хүн ардын аюулгүй , элбэг хангалуун амьдрал билээ. Монгол орон шилжилтийн үеийн хурц хямралыг гэтэлснээс хойш сүүлийн 20 жилд "хөгжлийн үзэл баримтлал"-аа дөрвөн удаа тунхаглаж, нэг талаас хөгжилд тэмүүлж эрэл хайгуул хийж байгаагаа нотолсон ч нөгөө талаас, Гиннесийн номонд орохуйц тогтворгүй үзлийн жишээг бүтээв. Энэ бүх "үзлийн" гол шалгуурыг эдийн засгийн өсөлтөөр төсөөлж ирэв. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засаг 9.4 хувь, Монголынх 4,3 хувь өсчээ.

Улс төрийн намууд сонгууль бүхний мөрийн хөтөлбөртөө "торгонд умбуулж, тосоор гулгиулах" амлалт тусгадаг ч өнгөрсөн 20 жилээ эргэж харахад 1996-1998, 2000-2002, 2007-2009, 2013 оноос одоо үргэлжилж буй уналт хямралууд дараалан тохиож иржээ.

Уналтуудын завсарт цойлсон үсрэлтүүд бас тохиолдож байсан. Үүний оргил нь 2011 онд ДНБ 17,5 хувь өссөн үзэгдэл байлаа. Энэ үед төр баригчид хөгжлийн алтан түлхүүрийг Тэнгэрээс гардсанаар төсөөлөн ухуулж, Оюутолгой, Тавантолгойн ордуудыг ашиглахад л диваажинд хүрэх тухай номлож байв.

Гэтэл энэ бүхэн савангийн хөөс адил замхрав. Дэлхийд гайхуулсан дээрх өсөлт гэгч маань ердөө л Австрали тивд үер болж нүүрсний уурхайнуудын ажиллагаа хүндэрсэн үед урд хөршийн эдийн засагт үүссэн хомсдолыг нөхөх төдий үзэгдэл байжээ. Нэг удаагийн хэрэглээний цаас боллоо л гэсэн үг.

Үүнийг хөгжил хэмээн ойлгоод зогсоогүй, ирээдүйн олборлолтоо барьцаалан зээл авч идчихээд одоо болоход өрөө ч төлж дийлэхгүй суугаа энэ байдал Монголын төрийн хөгжлийн бодлогод шүүмжлэлтэй хандах зайлшгүй шаардлага үүсгэж байна. Одоог хүртэл төрөөс тунхаглаж ирсэн хөгжлийн үзэл баримтлалуудыг зэрэгцүүлэн шинжилбэл дараах нийтлэх гажуудлыг агуулж иржээ. Үүнд:

1. Хөгжлийн өсөлтөөр төсөөлж, хэмжиж иржээ. Хөгжлийн үзлийн бүх баримт бичгүүдэд ДНБ-ий өсөлтийг эн тэргүүнд тавьжээ. Үндэсний эдийн засгийн бага цар хүрээтэй цогцолборууд гадаад, дотоодын олон хүчин зүйлийн нөлөөн дор огцом өсөж, буурч хэлбэлзэх нь ердийн үзэгдэл юм.

Бүтээмж, үр ашгийн өсөлтөөр дотоод хурамтлалаа нэмэгдүүлж, үндэсний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн шүтэлцээнд үндэслэсэн өсөлт л хөгжлийн шууд бус үзүүлэлт байж болох билээ. Гэтэл 2009 оноос хойш ДНБ 40,3 хувь өссөн ч түүний дотор биет баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй худалдаа, санхүү зэрэг салбар нийт өсөлтийн 4/5-ийг [79,1 хувь] эзэлж байна. Үүнээс үзвэл, төрийн бодлого хөгжлийн утга агуулгаас хол зөрүүтэй байна.

2. Монголын төрөөс баримталж буй эдийн засгийн хөгжлийн бодлого сүүлийн 10 жил уул уурхайг дагасан өсөлтийг шүтэхэд чиглэж ирлээ. Энэ нь гол гурван эх сурвалжаас үндэстэй гэж үзэж байна. Үүнд:

а.    Газрын хэвлийн баялгийг нээж ашиглах нь оюуны болон технологийн бэлтгэлд хүч, цаг зарахгүйгээр экспортын орлогыг нэмэгдүүлж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлээс гарах боломж олох магадлалтай.

б.    Монголын эрдэс баялагт шохоорхсон гадаадын херөнгө оруулагчид цеөнгүй байгаа нь анхны хуримтлал хомс нөхцелд ажлын байр нэмэгдүүлж, нийгмийн хурц асуудлыг шийдэхэд тус болох магадлалтай.

в.    Өмнөд хөршийн эдийн засаг өндөр хурдацтай хөгжиж, түүхий эд, түлшний зах зээл тэлж байгаа нь далайд гарцгүй манай орны хувьд нэн таатай нөхцөл бүрдүүлж байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн