sonin.mn


Увс аймгийн Бөхмөрөн сумын "Хар алтат багийн нутагт Канадын хөрөнгө оруулалттай "Си Жи Би И Эм" компани нь ашиглалтын 947 га, хайгуулын 4019 га талбайг эзэмшин 3 дахь жилдээ хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Уг талбайд хайгуул хийх, цаашид ашиглалт олборлолт хийх үйл ажиллагааг нь нутгийн иргэдийн газар нутгаа хамгаалах "Баянмөрөн" хөдөлгөөнөөс эсэргүүцэн үйл ажиллагаагаа зогсоох жагсаал цуглааныг удаа дараа зохион байгуулж, тус компанийн хайгуул хийх үйл ажиллагааг 3-р сарын 31-нд зогсоож, 4-р сарын 1-нээс эхлэн хугацаагүй суултыг зарлаад байгаа билээ.

Бөхмөрөн сумын "Хар алтат" баг нь 178 өрх, 755 хүн ам, 35373 толгой малтай. Мөн дээр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долдугаар багийн мал бүхий иргэдийн 9600 толгой мал нийтдээ 44900 гаруй мал тус багийн нутагт бэлээрлэдэг.

Тус багийн нутагт одоогоор 3 уурхай ажиллаж байгаа бөгөөд дахиад гурван ч компани хайгуул хийж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байгаа билээ. Эдгээр уурхайнуудаас болж 360 гаруй салаа зам, улсын болон орон нутгийн бүртгэлтэй таван хиригсүүр, зургаан хөшөө, 160 гаруй хүний оршуулга, хөндөгдөхөд хүрээд байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд Шанага, Улаан эрэг, Мөст, Хөх булаг зэрэг булаг шанд ширгэж, бэлчээрийн ургамлын төрөл зүйл ховордон, өвсний гарц эрс муудаж, сүүлийн 50, 60 жилд орж байгаагүй их хэмжээний цас унаж, нутгийн малчдыг өөр багийн нутагт өвөлжихөд хүргэсэн байна.


Нутгийн иргэдийн ярьж буйгаар тахилгат "Баян-Уушиг" уулын энгэрт хайгуулын өрөмдлөг хийснээр хангай дэлхий хилэгнэсэн хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчилэн аргал, угалз, ирвэс, янгир, хар сүүлт, тарвага зэрэг амьтдын тоо толгой цөөрч, бэлчээрээ орхин нүүдэллэх байдал ажиглагдах болжээ. Өвлийн улиралд цасаар ундаалдаг малчдын ундны асуудалд ч хүндрэл гарсан байна. Учир юу гэвээс цасанд нүүрсний уурхайнуудын хөө тортог, тоос шороо шингэж, цэвэр усаар ундаалах боломж үгүй болжээ.

Мөн аяга таваг задгай орхиход нүүрсний хөө тортог, хумхийн тоос битүү хучсан байдаг хэмээн учирлан ярьж байлаа. Онгон дагшин байгаль, ан, амьтан, өвөг дээдсийнхээ оршуулга, түүх дурсгалын үнэт зүйл болох хиригсүүр, хүн чулуу зэргийг харийнхан хөндөж буйг нутгийн иргэд эсэргүүцэж газар шорооныхоо төлөө тууштай тэмцэж байгаа бөгөөд, Монгол орон даяар газар шороогоо хамгаалан тэмцэх тэмцлийн галыг Бөхмөрөнчүүд ноцоож, хуулиар хамгаалуулсан "хуягт танк"-ын эсрэг тууштай тэмцэж байна.

"Хар алтат" багийн малчдаас бүрдсэн "Баянмөрөн" хөдөлгөөнийхөн тус сумаас төрөн гарсан урлаг соёлын зүтгэлтэн, уугуул суугуул иргэд, аймаг орон нутгийн удирдлага, Монголын үйлдвэрчний эвлэлд хандан бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмцэхийг уриалжээ. Энэхүү уриалгыг тус сумын уугуул, суугуул иргэд дэмжиж, оршин суугаа газраа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа билээ.

МҮЭХ:ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нар энэ сарын 8-ны өдөр Бөхмөрөн сумын иргэд, тэмцэгчидтэй уулзаж санал, бодлыг нь сонслоо.

Иргэдтэй уулзах уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан хэлэхдээ: "Бөхмөрөн сумын "Хар алтат" багийн ард иргэдийн газар нутгаа хамгаалах хөдөлгөөнийг аймгийн удирдлагууд бид дэмжиж байгаа. Увс аймгийн ИТХ-ын даргын ажлыг 2004 оноос өнөөдрийг хүртэл хийхдээ уул уурхайн тал дээр маш эмзэг хандаж ирсэн. Яагаад гэвэл Увс аймаг уул, уурхайг дагаж хөгжихгүй, аялал жуулчлалаар хөгжинө гэсэн өөрийн үзэл баримтлал, бодлого барьж ирсэн. Тиймдээ ч 2011 оны аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2012 оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлаж, бодлогын баримт бичиг гаргаад байна.

Өнөөдөр Увс аймагт 150 гаруй хайгуулын, 20 орчим ашиглалтын лиценз байгаа бөгөөд 2009 оноос хойш хайгуулын лиценз олгогдоогүй. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг ч бас гарсан гэдгийг та бүгд мэдэж байгаа.

Канадын хөрөнгө оруулалтай "Си Жи Би И Эм" компанийн үйл ажиллагааг аймаг эсэргүүцэх бодлого барьж ирсэн. Энэ компани нь 2007 онд хайгуулын лиценз, 2011 онд ашиглалтын лиценз авсан юм билээ. 2011 оны 5 дугаар сард болсон Засгийн газрын жилийн ажлаа дүгнэх хурал дээр аймгуудын удирдлага бүгд оролцсон.

Уг хурал дээр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Баяан: "Бид Увс аймгийн Бөхмөрөн сумын нутгаас Даянгийн боомт хүртэл 360 км хатуу хучилттай зам тавиж, нүүрс зөөх гэж байна дэмжиж өгөөч гэсэн асуудлыг Засгийн газарт оруулж ирсэн. Увс аймгийн газар нутаг дээр байгаа нүүрсийг Баян-Өлгий яахаараа мэдэж зөөдөг билээ.

Манай аймгаас галаа залгуулдаг байж. Энэ асуудлыг Увс аймаг хэзээ ч дэмжихгүй гэдгээ аймгийн Засаг дарга Э.Цасчихэр бид хоёр хатуу анхааруулж, мэдэгдэж байсан. Бид тус компаний лицензийг нь цуцлах болно" гэсэн юм аа.

Бөхмөрөн сумаас тэмцэл эхэллээ МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэхдээ:

"Бөхмөрөн сумын иргэдийн газар шороогоо хамгаалах хөдөлгөөнийг дэмжиж байна. Би үргэлж нийгмийн сайн сайхны төлөө тэмцэж ирсэн. Бензин шатахуун, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс зэрэг улс үндэстний нийгмийн асуудлуудын талаар ярьж байлаа. Монгол орон даяар уул уурхайд дээрэлхүүлж, газар нутгаа талхлуулж байна. Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлж өгсөн энэ сайхан газар нутгаа гадаадынханд цөлмүүлж байгааг эсэргүүцэж босож байгаа маш хүчирхэг тэмцэл Бөхмөрөн сумаас эхэлж байна. Монгол улсын хэмжээнд Бөхмөрөн сумын ард иргэд үлгэр дууриал болсон тэмцлийг эхлүүллээ.

Увс аймгийн удирдлага ч дэмжиж байгаад баярлаж байна. Энэ бол маш том давуу тал юм. Бусад аймагт очиход аймгийн удирдлага нь бидний тэмцлийг тэр болгон дэмждэггүй. Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль бидэнд хэрэгтэй. Эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хамгаалсан хууль бидэнд хэрэггүй. Хууль бол бурханы зарлиг биш гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Хуулиа өөрчлөхгүй бол бид өөрсдийг нь өөрчлөх хэрэгтэй. Бидний үр хойч онгойсон хар нүхэн дотор амьдрах учиргүй.

Газар шорооныхоо төлөө та бүхэнтэй хамтран тэмцэнэ. Улаангомд очиж хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийх болно. Хуулийн хүрээнд шийдвэрлэж болохгүй байгаа зүйлийг хэлэлцээрийн журмаар шийдэх боломж бидэнд бий. Хэлэлцээр хийж маргаан үүсгэнэ. Маргаан үүссэн тохиолдолд тус компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болдог. Яагаад гэвэл маргаан шийдэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломж нээгдэж байна гэсэн үг юм.

Бид эхний ээлжинд маргаан үүсгээд дараа нь Эрдэс баялаг эрчим хүчний яамны үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулах болно. Лиценз цуцлахыг Зоригг сайдаас шаардах болно" гэсэн юм.

Бөхмөрөн сумын иргэд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нар ирсэнд маш их баярлаж, бидний тэмцэл ялалтад хүрэх юм байна. Аав, ээж маань хүрээд ирсэн юм шиг сайхан сэтгэгдэл төрж байна. Сэтгэл огшоод сайхан байна. Саяхан аймгаас зарим албан тушаалтан ирж бидний тэмцлийг нухчин дарах гэж оролдсон.

Бид түших тулах хүн, очих газаргүй болсон мэт санагдаж байлаа. Бид цааш үргэлжлүүлэн тэмцэх болно. Та бүхэнд маш их баярлаж байна гэсэн юм. Үнэхээр л аавыгаа харсан хүүхэд шиг омогших нутгийн малчин ардын газар нутгаа хайрлан хамгаалах, өвөг дээдсээ хүндлэх, газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байгаа эх орноо гэсэн энэ сайхан сэтгэлийг нь төрийн түшээд, хууль санаачилагчид нэг бодож үзээч.

Бид малчин удамтай, монголчууд шүү дээ. Нэг багийн нутагт арван км-ийн радиус бүхий газар зургаан уурхай үйл ажиллагаа явуулж байна гээд та төсөөлөөд үзээрэй. Мөн эмх замбараагүй олгосон энэ олон лиценз чинь малчдын сайн сайхан аж төрөх, малаа маллах бэлчээр, ус ургамлыг нь сүйтгэж, үгүйрүүлэн, хоосруулах бодлого болоод байгаа юм биш үү. Ард түмний төлөө гаргах шийдвэрээ хэн нэгэн эрх мэдэлтний төлөө гаргахыг барьцаалагдсан төр гэж тодорхойлдог юм байна лээ.

Монголын төр яг ийм байдалд орсонд иргэн хүний хувьд харамсаж байна. Өвөг дээдсийн минь цусаа урсган байж бидэнд үлдээсэн энэ их баялаг, газар шороог харийнхан сэндийчиж, өвгөдийн минь ясыг өндөлзүүлэх байсан юм бол тэр олон мянган аавын хүү, бидний өвөг дээдэс цусаа дэмий урсгасан болж таарч байна уу? Хуулиар хамгаалуулсан "хуягт танк"-ын эсрэг Бөхмөрөнчүүд тууштай тэмцэнэ.

Н.Баттулга
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин