sonin.mn

.
Аливаа улс орон өөрийн гэсэн гадаад валютын нөөцтэй байдаг. Түүнийгээ гадаадын найдвартай, өндөр зэрэглэлийн банк, санхүүгийн байгууллагад хадгалуулдаг. Манай улсын хувьд ч ялгаагүй, валютын нөөцөө гадаад орнуудын өндөр зэрэглэлийн банкуудад хадгалуулж байгаа. Түүнийгээ дотоодын зах зээлд ам.долларын ханш огцом өссөн үед татаж, интервенц хийх замаар валютын ханшийн огцом өсөлтийг сааруулдаг.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд гадаад валютын нөөцөөсөө гаргаж долларын нийлүүлэлт хийж валютын ханшийг тогтворжуулдаг. Гэхдээ ийм үйлдлийг олонтоо хийгээд байвал манай улсын гадаад валютын нөөц дундрах нь ойлгомжтой. Тиймээс гадаад валютын нөөцийг үргэлж нэмэгдүүлж өсгөж байх ёстой юм. Энэ үүргийг Төвбанк буюу Монголбанк хүлээдэг.

Сүүлийн үед гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах болсноос тэрүү гадаад валютын орох нь багасаад гарах урсгал нь нэмэгдээд байна гэх болсон. Юутай ч мэдээлэл үзвэл орох урсгал оны эхнээс /өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад/ 60 хувиар өсчээ. Энэ нь манай эдийн засгийн идэвхжил, өсөлт, тэлэлт, бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гаднаас зээл авах эх үүсвэрийн санхүүжилт ихэсч байгаатай холбох.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны сүүлийн байдлаар цэвэр дүнгээр 2.4 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна. Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар ч тэр, урсгал дансны экспортоор ч тэр орж байгаа валютын урсгал нэмэгдсэн дүнтэй байгаа аж. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар манай нийт экспортын орлогын 73 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэсэн нөгөө гуравхан нэр төрлийн түүхий эд эзэлж голлох жин дарсан хэвээр.

Гэтэл яагаад дотоод зах зээлд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарахгүй, гурван хувийн сулралтай явж байна вэ. Энэ талаар үүрэг хүлээсэн Монголбанкны зүгээс асуухаар тэд яалт ч үгүй гарч байгаа урсгалын далайц, хурдац өсөөд байна гэсэн тайлбарыг өгч байна. Жишээ нь, нийт валютын гарах урсгал жилийн 80 хувийн өсөлттэй яваа аж.

Энд манай экспортын орлого, гаднаас шилжүүлж байгаа шилжүүлэг, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл хэлбэрээр орж ирж байгаа валют маань эргээд банкны системээсээ зээл болон гарч байна. Үүнээс үзэх нь ээ манай аж ахуйн нэгжүүд маань бизнесээ явуулахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дандаа гаднаас аваад байна гэсэн үг.

Энэ тохиолдолд бараа, бүтээгдэхүүний болон үйлчилгээний гадаад худалдаа өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар цэвэр дүнгээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь манайхан гаднаас л юм аваад байна гэсэн үг. Дээрээс нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд орлогоо шилжүүлж байгаа.

Мөн манайд ажиллаж байгаа гадаадын ажилчид цалингийнхаа орлогыг бас гуйвуулж буй. Ийм ийм хэлбэрээр Монгол Улсын эдийн засгаас гадаад валют гадагшилсаар...

Энэ мэтээр орж байгаа болон гарч байгаа урсгалуудаа тэнцвэржүүлээд тооцон үзэхэд цэвэр дүнгээрээ нийт гадаад валютын дотогшлох урсгал буюу манай улсын эдийн засагт орсон цэвэр валютын хэмжээ өнгөрсөн оныхоос 50 хувиар буурсан дүн гарч байгаа аж. Гэхдээ энд зөвхөн ам.долларыг салгаад үзэхэд валютын хэмжээ 14 хувиар өссөн гэж Төв банкныхан тайвшруулах.
 
Ийнхүү гадаад валютын орох урсгал хэвийн явагдаж байгаа ч гэсэн гарах урсгал их байгаа нь гадаад валютын нөөцөд нөлөөлөхгүй гэж үү? Нийтдээ эдийн засагт дотогшилж байгаа урсгалын хэмжээ гадагшлаж байгаагаас цэвэр дүнгээрээ давамгайлаад яваад байна.

Үүний нэг илрэлийг Монгол Улсын төлбөрийн тэнцлээс бас харж болно. /Төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэдэг тэр чигээрээ валютын нөөц ихэсч байна гэсэн үг учраас/. Жишээлбэл, өнгөрсөн оны сүүлчээр гэхэд энэ тэнцэл 220 сая ам.долларын ашигтай гарч байв. Энэ нь урсгал тэнцлийнхээ алдагдлыг хөрөнгө ба санхүүгийнхаа дансны ашгаар бүрэн санхүүжүүлээд яваад байж.

Цэвэр дүнгээрээ эдийн засагт орсон валют нь их байж, тэр хэмжээгээр гадаад валютын нөөц өсч, 2.6 тэрбум ам.долларт хүрч. Гэвч манай улсын гол сааль болсон зэс, нүүрсний үнэ гадаад зах зээл дээр буурах талтай, ийм хандлага олон улсын зах зээл дээр ажиглагдаж гадаад талаас хамаараад, дээр нь эдийн засгаа хумих мөнгөний хатуу бодлого явуулаад байхаар гадаад валютын нөөцийн хэмжээ цаашид буурах талтай байгааг зарим мэргэжилтэн, эдийн засагчид сануулсаар...

Эдийн засгийн гадаад, дотоод орчин муудах магадлалтай байх энэ мэт эрсдлийг тооцоод ингэж болгоомжлох нь зөв боловч статистикаа сайн харах юм бол Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон тохиолдолд манай гадаад валютын нөөц буурахаас биш, одоо байгаа 220 саяын ашигтай байгаа нөхцөлд нөөц буурахгүй ээ гэсэн хариу өгч байна.

Тэгвэл одоо дараагийн асуулт "Хэрэв гадаад валютын нөөц өсөөд байгаа юм бол түүний үр дүн юу байна вэ" гэж гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, өсөөд байгаа гадаад валютын нөөцөө манайхан хэрхэн, яаж ашиглаж байна вэ гэсэн дараагийн асуулт тавигдаж буй. Бид энэ талаар хөндөх болно.

Тоймч
Эх сурвалж: "Бизнес таймс