sonin.mn

Сүүлийн үед Ардчилсан хувьсгалын асуудлыг зориуд хөндөж монголчуудын анхаарлыг энэхүү хувьсгал руу хандуулах оролдлого нэн хүчтэй хийгдэж байгаа. Ардчилсан намын дээд удирдлага монжооч зах зээлийн хувьсгалыг 1991 оноос биш, чухамдаа 2000 оноос улс төрийн таван намын цуглуулган дээр суурилан өндийж зах зээлийн хувьсгалыг сүүлийн 14 жил нэн идэвхитэй явуулж чадлаа.

Гэтэл уул нам монжооч зах зээлийн хувьсгал гэж огт ярихгүй атлаа цаг үргэлж Ардчилсан хувьсгал гэж зориуд панаалдаж Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэсэн томъёоллыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгээр тунхаглуулж, Ардчилсан хувьсгалын 25 жилийн лут ойг тэмдэглэх бэлтгэлийг хангаж эхлээд байна.

Бид Ардчилсан хувьсгалын асуудлаар, монжооч зах зээлийн хувьсгалын сэдвээр, бас шударга ёсны хувьсгалын хөтөлбөрөөр том бодлогын чиглэлүүдийг онолын үндэслэлтэйгээр "Хөх толбо" сонины дугааруудад нилээд өгүүллүүдийг хэвлүүлж амжсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ардчилсан хувьсгал ч, Шударга ёсны хувьсгал ч монжооч зах зээлийн хувьсгалаас мөн чанар агуулгаараа, зарчмынхаа чиглэлүүдээр асар их ялгаатай гэдгийг зон олондоо толилуулаад байгаа.

Эдгээр асуудлын хүрээнд бид Ардчилсан хувьсгалтай холбогдуулж, бас улс төрийн өлсөлт, улс төрийн хуйвалдаантай уялдуулж "Хөх толбо" сонины энэ оны 15 дугаарт "Ардчилсан хувьсгалыг зогсоолгож, монжооч зах зээлийн хувьсгалыг төгс ялуулсан нь Бямбасүрэн, Бат-Үүл хоёрын "гавъяа" болох нь" гэсэн томоохон сэдвийг нийтлүүлээд байна.

Энэхүү нийтлэлд хамгийн гол нь улс төрийн нэгэн хуйвалдааныг илчилж Ардчилсан хувьсгалын эсрэг улс төрийн өлсөлтийг зориуд өдөөн чиглүүлж уул өлсөлтөөр бамбайлж төрийн далд эргэлт 1990 оны 3-р сард хэрэгжсэнийг монгол түмэндээ сонордуулсан билээ. Бас Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн тунхаглаад байгаа Ардчилсан хувьсгалын төгс ялалт гэдэг томъёоллыг бид таван чиглэлээр шүүмжилсэнийг дурьдах нь зүйтэй болов уу. Дээрхи асуудлуудтай шүтэлцүүлж бид хэд хэдэн сэдвүүдийг хөндөх шаардлагатай болов.

Юуны өмнө өөрчлөн байгуулалтыг, МоАХ-г хэн санаачилсан бэ гэсэн нэгэн том сэдэв огт хөндөгдөхгүй явсаар 20 гаруй жил болчихоод байна. Миний бие 1989 оны эцсээр МоАХ-ны зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд миний бие дээрхи сэдвийг хэд хэдэн удаа ерөнхий зохицуулах зөвлөлийн гол гол гишүүдээс асууж байсан ч хэн нь ч олигтой хариулт өгөөгүй ээ.

Би ямарч л байсан Монголын Ардчилсан Холбоо гэсэн энэхүү чухал улс төрийн нэр томъёоллыг цаг үеийн шаардлагатай уялдуулж зөв өгч чаджээ гэсэн дүгнэлтийг хийв. Хожим нь миний олж авсан чухал мэдээлэл дотор МАХН, НАХ яам хоёр, Зөвлөлтийн КГБ-тэй хамтарч МоАХ-г байгуулсан гэсэн мэдээлэл олдсон.

Бас МоАХ-г НАХ яам болон КГБ хоёр гардан зохион байгуулахдаа уул байгууллагад зөвхөн залуучуудыг өргөн хүрээгээр оролцуулахаас гадна НАХ яам торгуулийн болон золиосны нөхдүүдийг, өөрсдийн мэдээлэгчид болон туршуулуудыг шургуулж амжжээ. МоАХ-г зохион байгуулах мөн бас 1989 оны 12-р сарын 10-ны анхны цуглааныг бэлтгэж хангахад НАХ яамнаас гадна Зөвлөлтийн хоёр хурандаа (Смирнов, Богданов) онцгой үүрэг гүйцэтгэсэн.

Дараагийн нэг чухал мэдээлэл бол өөрчлөн байгуулалтыг хэний шийдвэрээр өрнүүлэх болсоныг олж тогтоох явдал байв. Зөвлөлтийн дээд удирдлага Монгол улсад өөрчлөн байгуулалтыг яаралтай хэрэгжүүлэх явдал онцгой ач холбогдолтой болсоныг ухаарч 1989 оны 7-р сарын 22-нд өөрчлөн байгуулалтыг Монгол улсад нэн даруй явуулах нууц шийдвэрийг гаргалаа.

Ийм шийдвэрийг гаргахдаа Зөвлөлтийн дээд удирдлага хоёр зүйлийг зориуд онцолж авч үзжээ. Нэг нь юу вэ гэвэл Монголын том удирдагчид нэн хулчгар бөгөөд улс төрийн том асуудлыг шийдэх чадвараар нэн дорой гэсэн үнэлэлтийг өгсөн. Дээрхи нууц тогтоолд тусгагдсан хоёр дахь чухал зүйл нь МАХН-ын төв хорооны улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагатай гэдгийг тусгайлан дурьдсантай шууд уялддаг.

Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг Зөвлөлтийн хоёр хурандаад оноосон ажээ. Үүнтэй холбогдож бас нэг асуудал хөндөгдөх учиртай. Монгол улсад яаралтай хийх өөрчлөн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал давхар шийдэгдсэнийг бид хэлэх ёстой.

Бидний олж авах ёстой бас нэг мэдээлэл юу байсан бэ гэвэл МАХН-ын төв хорооны Улс төрийн товчоо өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх явцад МоАХ чухам ямар зорилго чиглэлтэйгээр ажиллах шаардлагатайг тодруулах явдал байсан. Уул асуудлаар улс төрийн товчоо нууц шийдвэр гаргасныг бид нэн хожуу 2007 онд л олж мэдэв. Энэхүү нууц шийдвэр "Хөх толбо" сонины 2007 оны 7 дугаарт нийтлэгдлээ.

Энэхүү шийдвэрийг толилуулбал:"МоАХ болон Ардчилсан социалист хөдөлгөөнд өөрсдийн хүмүүсийг оруулж уг хөдөлгөөнийг дотроос нь задлах чигийг барих ёстой" гэж заажээ. Ингэж МоАХ-нд НАХ яам олон туршуулуудаа орууллаа. МоАХ-ны алтан хараацайнуудын олонхи нь НАХ яамны мэдээлэгчид, туршуулууд байсан гэдгийг миний бие 1990 оны 2-р сарын 10-нд өөрийнхөө дотны найзаас олж сонсов. Ийм айхавтар туршуулуудын тэргүүн эгнээнд Э.Бат-Үүлийн нэр явж байсныг ч би мэддэг болсон.

Бид Ховдод 1989 оны 12-р сарын 7-нд болсон Ардчилсан хөдөлгөөний анхны цуглааныг онцолж авч үздэг бөгөөд энэхүү цуглааныгзохион байгуулах ажлыг голлож удирдсан хүн бол улс төрийн товчооны гишүүн Намсрай байсан юм. Ховдын цуглаан хоёр зүйлээр манай улс төрийн түүхэнд үлдэж буйг бид хэлэх ёстой. Ховдын Ардчилсан хөдөлгөөний анхны цуглааныг зохион байгуулахад Зөвлөлтийн талаас оролцоогүй гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Хоёр дахь онцлогдох шинж нь юу вэ гэвэл Ховдын цуглаанаар улс төрийн товчоог огцруулж, сайд нарын зөвлөлийг тараах гэсэн улс төрийн хоёр лут шаардага дэвшигдсэнтэй уялддагийг бид олон удаа сонордуулсан. Өөрчлөн байгуулалтын гол асуудал явсаар байгаад хамгийн эцсийн шатанд онц байдлыг тогтоолгохгүйгээр улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал руу хальж орсон гэлтэй.

Бид Ардчилсан хувьсгалыг төрийн далд эргэлтээс заагладгийг "Хөх толбо" сонины энэ оны 15 дугаарт бичиж тэмдэглэснийг дахин толилуулбал: "Улс төрийн өлсөлтөөр халхавчилж Моломжамц-Содномын бүлэглэл БОЗ-ын бүлэглэлтэй хавсарч Улс төрийн товчоог л огцруулах, Сайд нарынхаа зөвлөлийг авч үлдэх гэсэн явцуухан санаархлаа хэрэгжүүлсэн аж. Энэ бол ёстой жинхэнэ "төрийн далд эргэлт" байсан. Үүнийг хэзээ ч Ардчилсан хувьсгал гэж хэлдэггүй" юм гэжээ.

Бид улс төрийн өлсөлтийг ч, 1990 оны 4-р сарын 27-ны халз мөргөлдөөнийг ч, мөн 1990 оны 5-р сарын 6-ны өдөр Улсын бага хурлыг зөвшөөрч улс төрийн намууд гарын үсэг зурсан тэрхүү уулзалтыг ч улс төрийн хуйвалдаан байсан гэж бид дүгнэдэг. Дээрхи улс төрийн том хэрэг явдлууд бол Ардчилсан хувьсгалын үргэлжлэл биш бөгөөд харин Ардчилсан хувьсгалын эсрэг чиглэсэн хорлонт хуйвалдаанууд байсан ажээ.

1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлтийг хэн зохион байгуулсан бэ гэдэг асуудал нээлттэй хэвээр үлдээд байгаа. Улс төрийн өлсөлтийг МоАХ-ны зөвлөхийн хувьд миний бие санаачлаагүй гэдгийг "Хөх толбо" сонингуудад хэд хэдэн удаа дурьдсан. Тэр тусмаа улс төрийн өлсөлтийг зохион байгуулах ажлыг миний бие гардан хэрэгжүүлж байгаагүй.

Улс төрийн өлсөлтийг өөр хүмүүсүүд, тухайлбал МАХН-ын дээд удирдлага КГБ-ийн нууц даалгавраар НАХ яамтай хамтарч зохион байгуулсан бөгөөд МоАХ-нд шургалсан туршуулууд 1990 оны 3-р сарын 7-нд улс төрийн өлсгөлөнг зарлаж байгаагаа тунхагласан ажээ. Нэгэнт улс төрийн өлсөлт өөр шугамаар зохион байгуулагдсан явдал миний анхаарлыг зүй ёсоор татаж л таараа. Улс төрийн өлсөлт болсон өдрүүдэд намайг хамгаалалтанд авч "гэрээсээ битгий гараарай, хаашаа ч явж болохгүй шүү, амь насанд чинь аюултай юм болно шүү" гэж зохицуулах зөвлөлийн хэд хэдэн гишүүн аминчлан хэлж байсныг би санаж байна.

Тийм учраас гуравдугаар сарын долоон, найман, есны өдрүүдэд би гэрээсээ хаашаа ч гараагүй. Тэр тусмаа Сүхбаатарын талбайд болж байгаа улс төрийн өлсөлтөн дээр ч би огт очоогүй. Би үүнийг яагаад ярьж байна вэ гэвэл улс төрийн өлсөлт болсноос хойш 24 жилийн дараа, өөрөөр хэлбэл энэ оны тавдугаар сарын эхээр Ерөнхий сайд асан Бямбасүрэн, Ерөнхий сайд асан Содном хоёрын даалгавраар Бат-Үүл манай бараг бүх телевизүүдээр миний эсрэг улс төрийн томоохон гүтгэлэгийг Монгол түмэнд мөн ч их идэвхийлэн тараасныг хүмүүс мэдэж байгаа.

Энэхүү гүтгэлгэндээ намайг улс төрийн өлсөлтийн үеэр Сүхбаатарын талбай дээр очиж тусгай майханд ч гэнэ үү, асарт ч гэнэ үү ширээ засуулж хувьсгалын штаб ажиллуулж Бат-Үүлд байнга чухал чухал заавар зөвөлгөөнийг өгч байсан мэтээр гүтгэснийг би дурьдахаас ч өөр аргаггүй болоод байгаа. Ялангуяа, Сүхбаатарын талбайд танкууд орж ирэх үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг танкаар дайруулж цус урсгуулах тийм мундаг зөвөлгөөнийг чухамдаа намайг, доктор П.Нэргүйг өгсөн мэтээр Бат-Үүл телевизрүүдээр худлаа панаалдаж ярьсаныг телевизүүд идэвхийлэн тарааж байсан гэдгийг би зориуд хэлэх ёстой.

Танкуудыг Сүхбаатарын талбайд оруулах ажлыг, өөрөөр хэлбэл улс орон даяар онц байдал тогтоох тэр асуудлыг би шийдээгүй юм шүү. Онц байдал тогтоох асуудал бол Ардчилсан хувьсгалаас үл хамаарч нам төрийн дээд байгууллагуудын шийддэг асуудал гэдгийг хэнбугай ч мэднэ. Бат-Үүл тэр үед ийм асуудлыг ярих нь байтугай улс төрийн өлсөлт, төрийн далд эргэлт, улс төрийн товчоог огцруулах асуудал онц байдал тогтоох шаардага зэргээр ойлголт маш муутай байсныг бид хэлэх ёстой.

Улс төрийн өлсөлтөөр Бат-Үүлд ганцхан л жижиг даалгаврыг биелүүлэх үүрэг ноогдсон. Тэр тухай улс төрийн өлсөлтийн хамгийн сүүлчийн цаг мөчид Бат-Үүл телевизээр ганц үг л хэлэх учиртай. Тухайлбал, улс төрийн өлсөлтөөр бид Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж ялалт авчирлаа гэсэн ийм л утгатай үгийг Бямбасүрэнгийн даалгавраар хэлэх ёстой байсан.

Энэ үг нь Ардчилсан хувьсгалын эсрэг хийсэн том гэмт хэрэг гэж бид дүгнэж Ардчилсан хувьсгалаар тавьсан дөрвөн том шаардлагыг улс төрийн товчооны огцруулалтаар халж өөрчлөөд, улмаар Ардчилсан хувьсгалд, цаашлаад Монгол улсын тусгаар тогтнолд том цохилт өгсөн гэдгийг байнга сонордуулж хэлсээр байгаа.
Харин танкаар хэнийг дайрах вэ гэдэг асуудал улс төрийн өлсөлтийн үеэр яригдсаныг бид хожим олж сонссоноо түмэн олондоо толилуулах нь зүйтэй болов уу.

Улс төрийн өлсөлт бол TOM халхавч бөгөөд түүний цаана Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал улс төрийн далд сөргөлдөөнийг бий болгосон. МАХН-ын доторхи улс төрийн бүлэглэлүүдийн тэмцэл энэ үеэр ширүүсэж дээд оргилдоо хүрсэн байв. Дэслэгч генерал Жамсранжавын бүлэглэл онц байдлыг тогтоож НАХ яамыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж  3000 гаруй цэргийг, 90 танкыг бэлэн болгосон байв.

Сүхбаатарын талбайд өрнөсөн улс төрийн өлсөлтөнд оролцогчдыг танкаар дайруулж устгах асуудал гарч ирсэнийг "Хувийн мөрдөгч" сонины 2010 оны 8 дугаарт дурдаж бичсэнийг дурдвал: "Орон нутгийн бүх удирдлага хэт даврагчдыг хашрааж өг, дар гэж байна. Зохиолч Дорж, Дашбалбар хоёр даварсан юмнуудыг танкаар индүүдье гэж Дэжид дарга руу ярьсан" гэсэн чухал мэдээлэл нийтлэгдсэн байв.

Ийнхүү улс төрийн бодит түүхийг Бат-Үүл гуйвуулж улс төрийн өлсөлт зарлагсдыг танкаар индүүдье гэж Дорж, Дашбалбар хоёрын хэлсэн үгийг санаатайгаар гуйвуулж хүүхэд, эмэгтэйчүүдийг танкаар дайруулж цус урсгая хэмээсэн үг болгон өөрчилж, ийм үгийг доктор П.Нэргүй хэлсэн болгож телевизүүдээр зориуд худал ярьж, ийм үг хэлсэнд Бат-Үүл их л эгдүүцэж байгаагаа телевиз үзэгчдийн өмнө жүжиглэж харуулж чадсан шүү.

Миний бие улс төрийн том хэмжээний гүтгэлгэнд гурав дахь удаагаа өртөөд байгаа. Хамгийн эхний улс төрийн гүтгэлгээр миний бие хорь гаруй жилийн турш хятадын тагнуул гэдэг нэр хочтой гэлдэрсээр яваад, 1983 онд Улсын прокуророор энэ асуудал шалгагдаж эцэст нь намайг хятадын тагнуул хэзээ ч байгаагүй гэдэг нь батлагдсан гэлтэй. Улс төрийн ийм гүтгэлгийг дээд цэгт нь хүргэж улайран зүтгэж явсан хүн бол Ерөнхий сайд асан Содном, Ерөнхий сайд асан Жасрай хоёр байсан юм.

Улс төрийн хоёр дахь гүтгэлгийг бас л Содном, Жасрай хоёр төв хорооны зарим хариуцлагатай ажилтнуудтай хамтарч дэгдээсэн гэдгийг би хэлэх учиртай. Тэд намайг намын бодлогод харш этгээд гэж зарлаж бараг би арваад жил ийм улс төрийн хоч гуншинтай явсан нэгэн түүх миний амьдралд тохиолдсон. Харин энэ хоч гуншин 1990 онд Ардчилсан хувьсгалын онол-үзэл-бодлогыг миний бие МоАХ-ны анхдугаар их хурлаар батлуулсанаар дахин яригдахаа больсон юм.

Ингээд 24 жилийн дараа улс төрийн гурав дахь гүтгэлэг дахин миний эсрэг амилж байгаа бололтой. Ийм гүтгэлгийн цаана айхтар том хуйвалдаан болсоныг би гадарладаг. Миний бие улс төрийн гурван том гүтгэлгэнд өртсөнөөс гадна хоёр удаа НАХ яамны лут туршуулын далдуур хэрэглэдэг "хүүхэн-зэвсэг" гэсэн айхавтар хорлонт үйлдэлд орж явснаа хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийм "хүүхэн-зэвсэг"-ийг Ерөнхий сайд асан Жасрай хоёр удаа хэрэглэж байсныг би огт ярихгүй явсаар өнөөг хүргэчихээд байна. Хэрэв ийм нууцлаг аргыг, өөрөө хэлбэл НАХ яамны том туршуулын хэрэглэдэг далд аргыг би илчилж чалчсан бол аль хэдий нь ертөнцийн тоосыг хөдөлгөх хувь заяанаасаа салж, газрын хөрсөнд булагдах байсан. Жасрай "хүүхэн-зэвсэг"-ийг над дээр 1959-1960 онд, дараа нь 1980 онд хэрэглэсэн ажээ.

Үүнээс гадна миний бие байнгын хараа хяналтанд явж ирсэнийг би "Хөх толбо" сониноор зон олондоо толилуулах нь зүйтэй гэж үзлээ. "Хувийн мөрдөгч" сонины 2012 оны 7 дугаарт "Монголын Ардчилсан хувьсгалын маш нууц түүх" гэсэн цуврал нийтлэгджээ. Энэхүү нийтлэлд "Доктор Нэргүй, Даваадорж гээд маш өндөр боловсролтой, өргөн мэдлэгэтэй, их нөлөөтэй хүмүүс УТК-т ажилладаг байсан хүмүүсээ шургуулсан байсан билээ.

Тэд маань МҮДН хэмээн шинэ нам байгуулахад их тус болсон. Ер нь бид анхнаасаа ардчиллын залуусыг хэд хэдэн улс төрийн бүлэглэл болгохоор зориуд сайн хувааж өгсөн маань одоо ч хэвээрээ, зөрөлдөөн нь улам л бат үндэстэй болоо юу даа" гэжээ.

Оюутан байх үеэс л миний бие хараа хяналтанд өртөж, Улсын төлөвлөгөөний комисст ажиллах бүхий л хугацаандаа түүнээс хойшхи бүх хугацаанд байнгын тандалт хяналтанд явсаар судалгааныхаа ажлыг, амьдрал тэмцэлээ дуусгахаар болчихоод байна. Миний бие марксизм-ленинизмийн диалектик арга зүйн нууцыг олох гэж улайран зүтгэх явцад тодорхой үр дүн гарч байсан нь зарим хүмүүсийн хорсол атаархлыг хүргэдгийг би ямар нэг хэмжээгээр мэддэг л байсан.

Ялангуяа аспирантурт гурван жил суралцахгүйгээр дэд эрдэмийн зэрэг хамгаалж, дөрвөн жил докторантурт суралцахгүйгээр докторын зэрэг хамгаалсан явдал том албан тушаалын хэнээтнүүдийн дургүйг хүргэсэн нь мэдээж. Марксизм-ленинизмийн арга зүйг жинхэнэ утгаар нь олж мэднэ гэдэг нь үнэхээр асар их чармайлт мэрийлтийн үр дүн нь болж өгдөгийг би ухаарч мэдсэн. Энэ нь хожим нь Монгол улсаа далд колоничлолоос аврах том судалгааг хийж дуусгах боломж олгов.

Уул судалгаагаа Ардчилсан хувьсгалын онол, үзэл, бодлого гэж нэрлэж түүнийг алтан соёмбон дээр анх удаа зангидаж чадсан. Марксизм-ленинизмийн арга зүй надад үнэхээр цаглашгүй тус хүргэснийг би хэний ч өмнө ам бардам хэлж явдаг. Монгол улсыг социалист улс биш, далд колони улс байсныг, ЗХУ-ыг хөгжингүй социалист гүрэн биш, далдын далд их колоничлогч гүрэн болсныг зөвхөн марксизм-ленинизмийн диалектик арга зүйгээр л илчилж болдгийг би биеэрээ амслаа.

1991 оноос шатлан өрнөсөн эдийн засгийн нууц дайныг, баслиберал-монетари зах зээлийн бодлогын далд сүлжээг судлаж илрүүлэхэд мөнөөх ад үзэгддэг болсон марксизм-ленинизмийн арга зүй л тус хүргэсэн шүү дээ. Миний судалгаанд 2008 оноос огт өөр чиглэлээр зарчмын өөрчлөлт гарав. Энэ нь Их Тэмүүжин Чингис хааны онол, үзэл, бодлогын судалгаа байсан юм.

Би өөрийнхөө амьдрал, судалгаа, тэмцэлийг хэзээ ч том албан тушаал хөөцөлдөхөд, алдар нэр авахын төлөө, хагартлаа баяжихын төлөө, дээд зэргийн зугаа цэнгэл, тансаглалын төлөө зориулж яваагүй гэдгийг цөөнгүй хүмүүс мэддэг. Би үүнийг ийнхүү ярьдагийн учир нь энэ тавдугаар сарын эхээр нийслэлийн захирагч Бат-Үүл Монголын телевизүүдээр яаж өөрийгөө магтаж дөвчигнөж байсантай холбож үзэх гэсэн билээ.

Бат-Үүл өөрийгөө Ардчилсан хувьсгалын гол удирдагч байсан мэтээр ярьдаг боллоо. Хэрэв тэрбээр Ардчилсан хувьсгалын онол, бодлогыг боловсруулсан бол Бат-Үүл өөрийгөө Ардчилсан хувьсгалын гол лийдэр гэж хэлж болно. Тэрбээр Ардчилсан хувьсаглын онол, бодлогыг боловсруулах нь байтугай улс төрийн өлсөлтийн үеэр В.И.Лениний "Төр ба хувьсгал" гэсэн товхимолыг уншчихаад уул товхимолыг сүүлийн хорь гаруй жил элдвээр гоочилон муулж Ленин энэ зохиолдоо "хүмүүсийг алаад бай, хядаад бай" гэсэн утгаар ярьсаар л яваа шүү.

Бат-Үүл хэзээ ч Ардчилсан хувьсгалын лийдэр болж чадахгүй, харин Ардчилсан хувьсгалын үйл хэргээс, ард түмний их тэмцэлээс тэрсэлдэж чадсан том урвагч гэдгээ л харууллаа. Бат-Үүл Бямбасүрэнгийн найдвартай "уяаны хав" болж хов зөөх, усан хутгуур хийх, хэрүүл зодоон дэгдээх тал дээр үлэмж гаршсан хүн болж хувираад байна.

Бат-Үүл телевизүүдээр өөрийгөө том улс төрч, Монголын төлөө зүтгэгч, ард түмний төлөө бие сэтгэлээ зориулсан хүн хэмээн хичнээн ч сурталчилаад ямар ч үр дүнгүй болсоныг тэрбээр огт ойлгосонгүй, Харин телевизээр Бат-Үүл өөрийгөө сурталчлах гэж байгаад энэ хориод жилийн дотор яаж амжиж хөрөнгөжиж, баяжиж, олигархи болсныг л хүмүүс хамгийн түрүүнд олж харчихсан шүү.

Түүнээс гадна Монгол улсынхаа бодит байдлыг онол, улс төрийн өндөр мэдлэг туршлагаараа цэгнэн дүгнэж явах ёстой хүний нэг бол Бат-Үүл өөрөө байх ёстой. Гэтэл телевизээр өөрийгөө дэндүү өчүүхэн амьтан болгож улс төрийн том бодлого руу орж чадалгүй өчүүхэн хов живээр хөөцөлдсөөр улс төрийн өлсөлт зарлагсдыг танкаар индүүдье гэсэн захиалгат, үгийг ор тас мартаж эмэгтэйчүүд хүүхдийг танкаар дайрж устгая гэж шинэрхүү нэр томъёог хэрэглэж түүнийгээ над мэтийн өвөгчүүл рүү. тохож ёстой жинхэнэ доожоогүй эр гэдгээ харуулчихаад байгаа.

Бат-Үүл Ардчилсан хувьсгалын үеэр гуравхан сарын хугацаанд өөрийгөө аймхай, мартамхай гэдгээ нотолж харуулсан бол түүнээс хойш хорь гаруй жилийн дотор Бат-Үүлийн төрх байдалд сүрхий өөрчлөлт гарсаныг ч бид цухас дурдах нь зүйтэй болов уу.

Тухайбал Бат-Үүл маань их шуналд хөтлөгдсөөр том баян эр болж хувирчээ. Хотын захирагч болмогц тэрбээр улс төрийн гүтгэлэг хийдэг мангар амьтан болчиxooд байна. Бат-Үүл өөрийгөө магтан өргөмжилсөөр яваад Монгол улсын төрийн тэргүүний суудал руу очих гэж зүтгэж байгааг бид харж байгаа шүү дээ. Гэтэл Бат-Үүл нийгмийн тэргүүлэх арван шинжлэх ухааны альнийг нь ч эзэмшээгүй яваад нь бид харамсдаг.

Тэр нь над мэтийнхнийг том гүтгэлгэнд нэрвэгдүүлж нэр төрийг нь гутаах гэсэн оролдлого харуулсан. Бат-Үүл энэ хорь гаруй жилд өөрийгөө улс төрд, улс төрийн бодлогод мэргэшсэн өндөр зиндааны дарга лийдэр болсон гэж бодож явдаг юм шиг байна. Гэтэл тэрбээр өнөөг хүртэл Ардчилсан хувьсгал, Төрийн далд эргэлт хоёрыг ялгахгүй, улс төрийн товчоог огцруулах нь онц байдал тогтоох асуудалтай холбогддогыг ч мэдэхгүй гэлдэрсээр л байна.

Тэрбээр социалист хувьсгал, Ардчилсан хувьсгал, монжооч зах зээлийн хувьсгал, шударга ёсны хувьсгал гэсэн ухагдахуунуудын талаар ямар ч ойлголтгүй болчихсоныг мэдээд над мэтийнхэн нь үнэхээр харамсаж байгаа. Нэгэнт үзэл бодлого нь төлөвшөөгүй, ном эрдмийн бүтээлүүдтэй ажиллаж сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх дадлага туршлагыг олж чадаагүйг харгалзаж, зөвхөн захиран тушаах, хуйвалдах, хорлонт үйлдэлд гаршсан Бат-Үүл мэтийн найдваргүй хүмүүсийг эртхэн шиг хотын даргын албан тушаалаас нь хөөж зайлуулах хэрэгтэй.

Амин хувиа бодож өөрсдөө түнтийтлээ баяжчихаад улс орны язгуур эрх ашгийг умартаж ард олноо туйлдан ядууруулсан, бас эрдэс баялагийн ордыг, газар, нутаг усаа гаднынханд лиценз гэгч залилангийн бичгээр панзалсан Бат-Үүл мэтийн улс төрийн гэмт этгээдүүдийг яллаж шийтгэх цаг нэгэнт ирчихээд байна. Э.Бат-Үүл улс төрийнхөө чансаагаар улс төрч, үндэсний үзэлтэн М.Энхсайханаас, Шударга ёсны хувьсгалыг гардан удирдсан Энхбаяр, Удвал нараас дэндүү доогуур зэрэглэлд ордогийг бид дурдах нь зүйтэй болов уу.

Бат-Үүл хэзээ ч Ардчилсан хувьсгалын том лийдэр болж байгаагүй, харин тэрбээр Ардчилсан хувьсгалаас хамгийн түрүүнд тэрсэлсэн урвагч болсон. М.Энхсайханы үзэл бодлого нь төлөвшиж байгаа нь чухамдаа үндэсний үзлийг тэргүүн зэрэгт тавьж чадсантай холбоотой. Бат-Үүлд Ардчилсан үзэл ч байхгүй, үндэсний үзэл гэвэл бүр ч байхгүй, амин хувиа хичээх үзэл гэвэл тэр нь өндөр төвшинд хүрч очсон боловч амбици ихтэй, бас архи сайн уудаг, үлэмжийн онгиргон зантай, өөрийгөө магтах дуртай ийм л нэг хүн Монголын улс төрийн өндөрлөгт оччихоод байна.

Э.Бат-Үүл нь хэзээ ч Энхбаяр шиг тэвчээр хатуужилтай, шударга ёсны хувьсгалын онол номнолыг боловсруулах чадвартай болж чадсангүй. Би үүнийг яагаад онцолж яриад байна вэ гэвэл Бат-Үүлийн эцэг ардын зохиолч С.Эрдэнэ амьд ахуйдаа Н.Энхбаяр руу дайран доромжилж түүнийг дээд зэргийн шуналтай этгээд хэмээн зарлан тунхаглаж байсныг монголчууд матраагүй байгаа.

Тэгтэл Бат-Үүл хагартлаа баяжиж дээд зэргийн шуналтан болчихоод өндөр албан тушаалд улайран тэмүүлдэг бас нэг шуналтай болчихоод байхад Энхбаярын эцэг Намбар гуай Бат-Үүлийн талаар, түүний шуналын талаар ганц ч үг дуугараагүйг бид мэдэж байгаа. Н.Энхбаяр ч, түүний эцэг Намбар ч үнэхээрийн ёс суртахуунтай, тэвчээр хатуужилтай, хэнийг ч хүндлэж чаддаг гэдгээ харуулчихаад байна.

Энхбаярын бас нэг чухал шинж бол Бат-Үүл шиг хүнийг улайн цайм гүтгэж явдаггүй тийм ёсыг эрхэмлэдэг. Энхбаярын бас нэг зан бол тэрбээр улс төрд хэзээ ч хулчгар аймхай чанарыг харуулж байгаагүй. Энхбаяр хэзээ ч шударга ёсны хувьсгалаас урваагүй. Бат-Үүл бол тийм биш. Тэрбээр өөрийгөө хулчгар гэдгээ харуулаад зогсоогүй хэд хэдэн удаа Ардчилсан хувьсгалаас урваж байсан нь тогтоогдчихоод байна.

Тийм ч учраас Бат-Үүл нь л өөрийн улс төрийн зиндаагаар Энхбаяраас хамаагүй хол хаягджээ гэдгийг бид хэлэх ёстой. Бид ер нь гол гол лийдэрүүдийнхээ улс төрийн зураг хөргийг гаргадаг. Хамгийн сүүлд бид Соёлын сайд Ц.Оюунгэрэлийн улс төрийн зураг хөргийг гаргаж үзсэн. Бид зориуд Бат-Үүлийг М.Энхсайхантай, Энхбаяртай, Удвал сайдтай харьцуулдаг нь эд бүгдээрээ л хувьсгалд оролцсон хүмүүс.

Хувьсгалд оролцох явцад аливаа лийдэрийн жинхэнэ дүр төрх, чанар чансаа, араншин, авъяас чадвар тод томруунаар илэрдэг билээ. Бат-Үүл бол цаашдаа улс төрийн болон эдийн засгийн өндөрлөгт тэнцэх хүн биш гэдгийг, улмаар гологдож шаарлагдах хэмжээнд бууж очсоныг дурьдаж хэлбэл зохино. Шударга ёсны хувьсгалыг зохион байгуулахад Удвал сайдын хэд хэдэн төрх шинж илэрсэнийг бид дурьдах учиртай.

Удвал сайд нэн шулуун шударга зантай, аливаа асуудалд зөв хандах эрдмийн мэдлэгээ олж авсан бөгөөд алдар нэр хөөцөлддөггүй, эд мөнгөний ямар ч шуналгүй гэдэг нь харагдсан. Ийм төрх шинж ялангуяа том хувьсгалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг улс-төрчдөд заавал байх ёстой. Гэтэл Бат-Үүлд дээрхи төрх шинж огт байхгүй гэдэг нь нотлогдчихоод байна.

Бат-Үүлийн улс төрийн зураг хөрөг үндсэндээ улстөрчийн зиндаанд ойртож очоогүй, харин аюултай, хорлонтой этгээдийн олон шинжийг тээж явдаг тийм хүн гэдэг нь ажиглагдсан. Ингээд бид Бат-Үүлийг том улстөрч гэж, лут зохион байгуулагч гэж, тэр тусмаа лут хувьсгалч гэх статусаас ангид гэдгийг тогтоолоо.

Ерөнхий сайд Бямбасүрэн Бат-Үүлийн дээр дурдсан ёозгүй төрх шинжүүдийг мэдсээр байсан мөртлөө түүнийг зориуд дөвийлгөж Ерөнхий сайд асан Содномтой эн зэрэгцүүлж хоёуланг нь төрийн том зүтгэлтэн хамээн алдаршуулдаг болжээ. Ер нь Содном, Бямбасүрэн, Жасрай зэрэг Ардын намын лийдэрүүд Монгол улсыг түүхэн ямар замналаар явж буйг, улс орон маань хөгжиж байна уу, аль эсвэл хөгийнжиж байна уу гэдгийг огт ойлгохгүй явсаар эцсийн эцэст улс орноо сүйрэл, сүйтгэлийн шатлал руу унагаж ард түмний амьдралыг ёстой жинхэнэ тамтаг болгож, эрдэс баялагийг гадныхан эзэгнэдэг тийм төвшинд хүргэчихээд байгаа.

Эдгээр лийдэр хэмээгч этгээдүүд улс орны язгуур эрх ашиг чухам юу байдгийг ч анзаарахгүй явсаар байна. Эдгээр лийдэрүүд өөрсдийгөө хамгийн лут эдийн засагчид, мундаг зохион байгуулагчид хэмээн өргөмжлүүлдэг ч гэсэн тэдний жинхэнэ паян 1980 оноос л илчилэгдэж эхэлсэн. Хэдийгээр өндөр албан тушаалд очсон ч гэсэн тэд санхүү-эдийн засгийн нууцлаг бүлэглэлийг байгуулж өндөр албан тушаалд хүрэх замаа олж чаджээ.

Өөрсдөөс нь онолын талаар ч, бодлогын асуудлаар ч, төлөвлөлт, удирдахуй, зохион байгуулалтын асуудлаар ч илүү болчихсон тийм каадруудыг замаасаа зальжин аргаар зайлуулж нэр төрийг нь гутаах ажлыг чадамгай хийж чаддаг болчихсон байлаа.

Гэтэл эдгээр нөхөд 1981 онд Монгол улс эдийн засгийн функционал хямралд орсоныг арван жилийн дараа гэхэд мэдээгүй гэлдэрч явсан юм. Улс төр эдийн засгийн том том асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй гэсэн мундаг тодорхойлолтыг Зөвлөлтийн дээд удирдлага манайхны гол гол лийдэрүүдэд 1980-аад онд өгсөн байлаа.

Тухайлбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийг хойрог, мэдрэмж муутай хүн гэж, сайд нарын зөвлөлийн дарга Д.Содномыг хоёр нүүртэй этгээд гэж, Улс төрийн товчооны гишүүн, намын хянан шалгах хорооны дарга хурандаа генерал Б.Дэжидийг түрэмгий атлаа доожоогүй амьтан гэж хочилж байсныг бид олж мэдсэн.

Зөвлөлтийн дээд удирдлага өөрчлөн байгуулалтыг хариуцаж байсан Улс төрийн товчооны гишүүн Намсрайд эхэн үедээ итгэл үзүүлж байсан ч гэсэн хожим Намсрайд туслах шаардлагагүй гэдгээ мэдэгдэв. Тийм ч учраас Зөвлөлтийн дээд удирдлага өөрчлөн байгуулалтыг даруй түргэн хийлгэхийн тулд улс төрийн өлсөлтийг санаачилж, улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах ёстой гэсэн зарчмын чиг шугамыг баримталсан байв.

Манай 80-аад оны том лийдэрүүд улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг өөрчлөн санаачилж тавьсан мэтээр ярьдаг нь худал зүйл байсан юм шүү. Горбачев Батмөнхөд том дарамт үзүүлж Улс төрийнхөө товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг зөвшөөрүүлж чадсан. Энэ бол Ардчилсан хувьсгалтай ямар ч холбоогүй асуудал байв.

Тэгэхээр Ардчилсан хувьсгал нь том судалгааны үндсэн дээр дэвшигдэж гарсан аугаа лут үйл явц байсан бол, өөрчлөн байгуулалт төрийн далд эргэлт, Улс төрийн товчооны огцруулалт, улс төрийн өлсөлт зэрэг нь Зөвлөлтийн дээд удирдлагаас өгсөн хатуу чиг шугам байсан гэдгийг бид онцолж хэлэх учиртай.

Зөвлөлтийн дээд удирдлага МАХН-ын улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахдаа онц байдлыг тогтоолгохгүй байх шаардлагыг хүчтэй тавьж өөрсдийн онц эрхтэй бие төлөөлөгчид (Смирнов, Богданов)-ыг томилон ирүүллээ. Тэд 1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлтийг бүрэн хяналтандаа байлгаж дуусгаад гуравдугаар сарын дундуур нутагтаа буцсан гэлтэй.

Бид байдлыг ерөнхийд нь иймэрхүү дүр зургаар төсөөлж явдаг бөгөөд ер нь МАХН-ыг бүхэлд нь авч үлдэх тийм чиглэлийг Зөвлөлтийн дээд удирдлага хатуу баримталж байсан гэдгийг бид хэлэх учиртай. Тийм ч учраас бид 1990 оны Ардчилсан хувьсгалыг ч, 1989 оноос эхэлсэн өөрчлөн байгуулалтыг ч, 1991 оноос эхэлсэн монжооч зах зээлийн хувьсгалыг ч үнэн бодит дүр төрхөөр нь элдэв янзын гуйвуулалтгүйгээр бодит чин үнэнд нийцүүлж бичиж үлдээх ёстой.

Монжооч зах зээлийн хувьсгал 25 жилийн нүүрийг үзэх гэж байхад өнөөгийн манай Ардчилсан намынхан юуг нь ч ойлгохгүй будилж, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэнэ гэж одооноос бужигнаж эхэлж байна. Элдэв ой тэмдэглэж, уул овоо тахиж, жоохон олдсон хөрөнгө мөнгөө замбараагүй зарцуулдагаа больвол таарна.

Халх голын 75 жилийн ой ч гэнэ үү, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой ч гэх шиг, шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойг ч магадгүй тэмдэглэх гэж дөвчигнөдгөө боливол таарна.

Өнөөдөр бидний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол стратегийн ганцхан ордыг ашиглахад гурван сая монголчуудаа зуун жил тэжээх тийм боломж байсаар байтал бид яах гэж 3000 гаруй эрдэсийн ордуудыг гадныханд лицензээр панзалчихваа гэсэн асуудал монголчууд биднийг үнэхээрийн түгшээн самгардуулж байна. Эд мөнгөний шуналд, том даргын суудалд ямар олон хүн зүрх сэтгэлээ өгч, харийн шашинд тархи толгойгоо захируулдаг болчихвоо.

Дахин их өөрчлөлтийг хийх шаардлага байнга гарах болно. Бид 90 oноoc хойш 24 жилийг ямар ч үр дүнгүй өнгөрөөж туйлын ядууралд, эд баялагийн цөлмөлтөд орчихоод байгааг Монгол улс маань түүхэн маш буруу гольдрилоор, хамгийн бурамгуй замналаар явчихлаа гэдгийг л цуцалтгүй сонордуулсаар байх болно. Энэ чиглэлээр бид онол улс төрийнхөө тэмцлийг өртөөлөн өрнүүлэх болно.

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо” сонин