sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер бараалхав.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хоёр талын харилцаа бүх салбарт амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай байгааг тэмдэглэн хэллээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 40 жилийн хугацаанд талуудын харилцаа бүх түвшинд сайн явж ирснийг дурдаж, цаашид ХБНГУ-ын тал Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн салбарт улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер яриандаа дурдав.

Мөн ирэх 2015 онд Берлин хотод болох Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB-2015”-д Монгол Улс оролцох болсонд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 1990 оноос германчууд ойр дотно байж ардчиллын цагаан толгойд монголчуудыг суралцахад ихээхэн хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж байлаа.

Түүнээс хойш Монгол Улс ардчилал руу улс төр, эдийн засгийн хос шилжилтийг зэрэг хийж, өдгөө Мъянмар, Киргиз зэрэг орнууд Монголын ардчиллын туршлагаас хуваалцаж байгааг, Мъянмарын сэтгүүлчид Улаанбаатарт ирж туршлага судалсныг дурдав.

Өмнөх нийгмийн үеэс Германд сурч, мэргэжил эзмшсэн олон монгол хүн байдаг. Энэ уламжлалыг үргэлжлүүлж Налайх дүүрэгт  Ашигт малтмал, технологийн их сургууль үүд хаалгаа нээж, үйл ажлаа эхлүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж, хамгийн чухал хөрөнгө оруулалт бол боловсролын салбарын хөрөнгө оруулалт байдгийг тэмдэглэж байлаа. Германы тал ч Монголын залуу үеийг сургаж, боловсруулахад ач холбогдол өгч анхаарна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй эко технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер тэмдэглэж байв.