sonin.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2012.07.07/ 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж,давхардсан тоогоор 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс хуулийн төсөл 181, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, Байнгын хорооны тогтоолын төсөл 5, тайлан, мэдээлэл хоёрыг тус тус хэлэлцэж, 12 санал, дүгнэлт гаргасан байна.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

Монгол хэлний тухай хуулийн төслүүд, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж,Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг сонсчээ.

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нараас 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна.

Энэ хуулиар үндэсний бөхийн “Далай аварга” цол хасагдаж, уламжлалт даян аварга, дархан аварга цол үлдэж байгаа юм. Мөн хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.

Тайлангийн хугацаанд төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 48 албан бичиг, 1 өргөдөл ирснийг тухай бүр нь шийдвэрлэхийн зэрэгцээ байнгын хорооноос 97 албан бичиг явуулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.