sonin.mn

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр / 2014.07.07 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд найрсаг харилцаатай БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд уулзалтад оролцож байгаа өөрийн талын хүмүүсийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурал, Чехийн парламентын хоёр танхим сайн харилцаатай, парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд идэвхтэй хамтын ажиллагаатай явж ирснийг онцлоод цаашид байнгын хороодын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр энэ оны 9-р сард Чех Улсад айлчлахаар төлөвлөж байсан ч ажлын хуваарийн улмаас айлчлалыг 2015 онд хийхээр төлөвлөөд байгааг дуулгасан юм. Түүнчлэн Европын холбоо, түүний дотор Чех Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын чухал зорилтын нэг гэдгийг хэлээд, Чех Улсыг өөрийн гуравдагч хөршөө гэж үзэн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн.



УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт” гарын үсэг зурсныг дурдаад Чехийн тал хэлэлцээрийг дэмжиж, ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Ноён Пэтр Газдык хүлээн авч уулзаж байгаад талархалтай буйгаа Улсын Их Хурлын даргад илэрхийлээд Чех Улсыг гурав дахь хөрш орноо хэмээн хүлээн авч буйд баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр Монгол Улс, Европын Холбооны хоорондын хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ онцлон тэмдэглээд 2015 онд УИХ-ын даргын Чех Улсад айлчлах айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой давхацсан тэмдэглэлт үе байхыг дурдлаа.

Түүнчлэн дулааны цахилгаан станц, гүний усыг хамгаалах зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй танилцах талаар хэлээд геологи, гүний усны хамгаалалтын салбарын туршлагаас нэвтрүүлэхийг санал болголоо.



УИХ-ын дарга Чех Улс уран олборлолтын салбарт арвин их туршлагатайг онцлоод энэ салбарын туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Тэрээр уулзалтын төгсгөлд айлчлалд нь амжилт хүсээд Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Энэхүү уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.