sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбоо хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаа билээ.

Тус наадмын эхний шатанд  ирүүлсэн 85 уран баримлаас сонгогдсон 30 бүтээлийг урлах ажлын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  эхэллээ. Энэ үеэр уран баримлыг барих явцтай үзэгчид танилцаж саналаа хэлсэн юм.

Уран барималч Н.Оргилын “Гэр бүл”, С.Бадралын “Хатан”, Ө.Батжаргалын “Хос хатан”, Ц.Амгалангийн “Морь”, Г.Галбадрахын  “Янгир ямаа 2”, Цогтоо “4 бэрх” зэрэг урлагийн ертөнц, монгол ёс заншил, хайр сэтгэл, эх нутгийн сэдэв бүхий 30 баримал баригдах юм.

Мөн хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн, логос амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу тэмцээн уралдаан 07 дугаар сарын 14-н хүртэл үргэлжилж  дүнгээ гаргана.

Үзэгч олон баяр наадмын үеэр Үндэсний хүрээлэнг зорьж,  баримал дээр хүүхэд болон хосуудын гар хөлийн хээг авах, шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээг аван, хонь ямаан дээр зураг зурах үзүүлбэрийг харж, элсэн дээрх тэмцээн уралдаанд оролцон, уран баримал барихыг харж, урлагийн сайхантай танилцан  нүд, сэтгэлээ баясгах боломжтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.