sonin.mn

Монгол-Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, залгамж чанарыг бэхжүүлэх үүднээс жил бүр цэргийн амрагчид солилцдог уламжлалтай. Энэ ажлын хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд БНСУ-ын БХЯ-ны Дайчилгааны газрын дарга Чой Дун Чолоор ахлуулсан таван гэр бүл Монгол Улсад зочилж байна.

  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Солонгосын цэргийн амрагчдыг хүлээн авч уулзаад, ажил хэргийн яриа өрнүүлэнгээ  Монгол оронд тавтай сайхан амрахыг хүсэн ерөөлөө.



  БНСУ-ын БХЯ-ны дайчилгааны газрын дарга, хошууч генерал Чой Дун Чол, Хуурай замын цэргийн судлаач, хурандаа Жу Жон Гюү, БНСУ-ын Агаарын цэргийн хүчний командлалын Боловсрол, сургалт, мэдээллийн газрын дарга, хурандаа Канг Сон Гү нарын таван цэргийн алба хаагчид гэрий нарын хамт Монгол оронд ийнхүү зочлохдоо Улаанбаатар хотын түүх, дурсгал, үзвэр үйлчилгээний газруудаар орохоос гадна Өвгөн тарнын хийд, Орхоны хүрхрээ, Үүртийн тохой,  Шанхын хийд, Өгий нуур, Хөшөө цайдам, Төвхөн хийд, Эрдэнэзуу хийд, Хархорины түүхийн музей, Монголын их гүрнүүдийн хөшөө, Чулуун мэлхий Түрэгийн үеийн музей зэрэг хөдөө орон нутгийн үзэсгэлэнт газар, түүхийн дурсгалт эд өлгийн зүйлийг үзэж сонирхоно. Мөн малчин айлд зочлон, уламжлалт мал ахуйтай танилцаж, морь, тэмээ унаж, загасчлах болно.



Солонгосын цэргийн амрагчид Монголын үндэсний их баяр наадмын үеэр ирсэндээ билэгшээж, монгол наадмын дэг жаяг, эрийн гурван наадмын сүр хүч, уламжлал, шинэчлэлийг хослуулсан өнөөгийн монгол оронтой танилцах боломжийг олгосон Монгол Улсын Батлан хамгаалах яамныханд талархлаа илэрхийлсэн юм.