sonin.mn

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна.

Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, ахмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өнөөдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.

  Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм.

Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа.

Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм.



Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа.

  Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.

Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг.



  Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа юм.



МОНГОЛ УЛСЫН БААТАР, АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖ

  Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэгэн насны амьдралаа зориулж, бага даргын сургуулиас цэргийн эрдмийн шимийг хүртэж, хожмоо Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшиж, Армийн генерал хэмээх эрхэм алдрыг хүртсэн Батын Дорж нь Завхан аймгийн Алдархаан сумын харьяат.

Тэрбээр М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, К.И.Ворошиловын нэрэмжит ЗХЖШ-ын академийн дээд курс гээд цэргийн хүний суралцаж, эзэмшиж болох бүхий л боловсрол мэдлэгийг эзэмшсэн, цэргийн эрдэм, удирдахуйн ухаанд төгс боловсорсон нэгэн байлаа. Халхын голын дайны үед мэдлэг чадвар, цэргийн эрдэм боловсрол, ажлын туршлагаараа манлайлан шалгарсан Б.Дорж II морь дивизийн дарга бөгөөд Улаанбаатар хотын гарнизоны дарга, дараа нь ДЯЯаманд шилжин Хязгаарын ба Дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын дарга болон дэвшиж, улмаар гадаадын цөөнгүй оронд эх орноо төлөөлөн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байлаа. Мөн хэд хэдэн удаагийн сонгуулиар АИХ-ын депутат, улмаар АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан. Баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Оспаны дээрэмчдийг устгах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлсэн байдаг.

Улсыг батлан хамгаалах хэргийг бэхжүүлэх, эх орныхоо дархан хил хязгаарыг сонор соргог сахин хамгаалах, Монголын ардын армийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэхийн аргагүй эрхэм буурал Армийн генерал маань Батлан хамгаалах яамны сайдаар 1956-1959, 1969-1978 онуудад хоёронтаа томилогдон ажиллаж байсан бөгөөд 1974 онд Монгол Улсын баатар хэмээх хүндэт цолыг хүртжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ  БААТАР, ХУРАНДАА ЛОДОНГИЙН ДАНДАР

  Монголын ард түмний дунд “Алаг морьт” баатар хэмээн домог болтлоо дуурсагдсан, Халхын голын дайнд ялалт байгуулахад гарамгай гавьяа байгуулсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандар ньТамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцаж иржээ.

Халхын голын дайн эхлэх үед Тамсагбулаг дахь YI морьт дивизийн 17 дугаар хорооны даргаар томилогдсон байсан бөгөөд 1939 оны тавдугаар сарын шийдвэрлэх байлдааны өдрүүдэд дайсны ширүүн дайралтад өртөн ихээхэн хохирол амссан ч, удирдагч хүний мэдрэмж, овсгоо самбаа, зориг тэвчээрийн хүчээр дайсны өөдөөс эрслэн дайрч, анги, салбараа бүслэлтээс гарахад онцгой гавьяа байгуулжээ.

Ийнхүү тэрбээр Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнагдаж, YI морьт дивизийн даргаар томилогдон, хурандаа цол хүртсэн бөгөөд удалгүй 1939 оны 9 дүгээр сард Монгол Улсын гарамгай баатар цол олгосон байна.

Гарамгай баатар Л.Дандар хожмоо “Совмонголметалл” нийгэмлэгт баазын дарга, барилга конторын дарга, Мотобуудлагын батальоны орлогч, Улаанбаатар хотын комендант, ЗХЖШ-ын офицер, Мотобуудлагын тусгай бригадын орлогч даргаар ажиллаж, улс эх орныхоо батлан хамгаалах, зэвсэгт хүчин болон нийгмийн чухал салбаруудад үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй ажиллаж байв.

Түүний дурсгалыг мөнхжүүлэн төрөлх нутаг усанд нь болон нийслэл хотноо Офицеруудын ордны өмнө хөшөөг нь босгон, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд МАА-ийн 132 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон түүхтэй.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦЭНДИЙН ОЛЗВОЙ

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин, Монгол Улсын баатар Ц.Олзвой1937 онд цэргийн албанд татагдан, МАХЦ-ийн Тамсагбулаг дахь  YI морьт дивизийн 17 дугаар хорооны I суманд алба хааж байхдаа цөөнгүй баатарлаг үйлс байгуулсан бөгөөд өөрийн хороогоо зорьсон газар хүртэл нь хөнгөн пулемётын галаар хамгаалах, тагнуулын хэсгийн ахлан явж, дайсны хоёр машин цэргийг  илрүүлэн, устгаж, машин, зэр зэвсгийг олзлон авч, нэгэн биед ахадсан зориг тэвчээр, тэсвэр хатуужлын үлгэрийг үзүүлж байсан гэдэг.

Түүнд 1939 оны 10 дугаар сард Монгол Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнажээ.  Бид Эрхэм улсын баатрынхаа суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн I  курсын I тасагт түүнийг “Хүндэт байлдагч”-аар бүртгэж, алдар гавьяаг нь мөнхжүүлсэн юм. Ц.Олзвой баатар Ховд аймгийн Манхан сумын харьяат ажээ.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР

Халхын голын дайнаас гэртээ эргэж ирээгүй дайчдын нэг,Хөвсгөл аймгийн Ханх сумынхарьяат, Монгол Улсын баатар Л.Гэлэгбаатар1935 онд өөрийн сайн дураар цэргийн албанд мордож, ЦЕС-ийн их бууны ангид элсэн суралцаж, сургуулиа “Онц” дүнтэй дүүргэжээ. Тийнхүү Тамсагбулагийн YI морьт дивизийн их бууны дивизионы I батарейны Улс төрийн удирдагчаар ажиллаж байхад нь Халхын голын дайн эхэлжээ.

Дайны эхний мөчөөс л түүний удирдсан их бууны батарей онч мэргэн галаар дайсны давуу хүчийг бут цохиход үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэжээ. Удаа дараагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан тэрбээр 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ширүүн тулалдаанд тасаг цэргээ удирдан, ангиудаа их бууны галаар халхлан цохилт өгч, байлдаж байхдаа амиа алджээ.

Энэ тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг эрэлхэг зоригтой байлдаж, өөрийн ангиудын байлдааны ялалтыг хангахад онцгой гавьяа байгуулж, амь үрэгдсэн түүнийг 1964 онд Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндэт цолоор нэхэн шагнажээ. Мөн түүнийг нэрийг Их бууны хорооны I батарейнд бүртгэн, үүрд мөнхжүүлэн алдаршуулсан юм.