sonin.mn

Дэлхийн халуун цэг  болсон  Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн

“Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний эргүүл хамгаалалтын ротын IX ээлж, Кабулын олон улсын нисэх буудлын нисэх зурвасын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн VI ээлжийн  бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, ХБНГУ-аас БНХАУ-д суугаа Батлан хамгаалахын атташегийн орлогч, хурандаа Грев Хэлмэт болон батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, ар гэрийн төлөөлөл оролцлоо.



Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаа билээ.

Манай цэргийн алба хаагчид ажиллагаанаас ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшин нь улам бүр дээшлэн, ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг биелүүлэх чадавхитай болон төлөвшиж байгаа нь Афганистан улсад явагдаж байгаа НАТО-ийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтээс тодорхой харагдсан талаар ноён Грев Хэлмэт хэлсэн үгэндээ цохион тэмдэглэсэн юм.

Цэрэг хүний эр зориг, тэвчээр хатуужил, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан цагийн байдлын эгзэгтэй, ээдрээтэй нөхцөлд төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь бид бүхний бахархлыг үргэлж төрүүлж байна.



Дэлхийн аль ч оронд гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж төрийн ивээл хүртээж шагнаж урамшуулдаг ёсоор энэ удаа Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медалиар цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Туул, дэд хурандаа Х.Батбилэг, хошууч М.Эрдэнэ-Очир нарыг шагналаа. Мөн “Энхийн төлөө” медалиар  дэслэгч Э.Цэрэнчунт, Э.Ганпүрэв нарын 74 цэргийн алба хаагч-энхийг сахиулагчийг шагнаж урамшуулсан юм.