sonin.mn

Монгол улсын тэргүүн хатагтай,"Итгэл" хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хөнгөвчлөх эмчилгээний хоёр кабинетийг иж бүрэн техник, багаж тоног төхөөрөмжөөр хангаж өнөөдөр /6 сарын 30 / хүлээлгэж өглөө.

Хатагтай Х.Болормаа хэлэхдээ аливаа хавдар хожуу үедээ оношлогддог. Хавдартай хүмүүсд биеийн болон сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж, өөрийгөө өвчтэй гэх сэтгэлзүйг ялан дийлэхэд энэ кабинетын үүрэг чухал гэсэн бол аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Ж.Ариунаа:

Бүх шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон хоёр кабинеттай болж байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байна. Одоо өвчний эсрэг бидний сэтгэл зүрх, итгэл шулуун байх ёстой. Хатагтай Болормаагийн санаачилсан сангаас бэлэглэж буй энэхүү кабинет нь өвчтнүүдэд эхийн сэтгэлээр хандаж буй буянтай үйлс юм хэмээлээ.

Ард иргэдийнхээ эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил хүмүүжлийн төлөө хийж хэрэгжүүлж буй төрийн болоод төрийн бус байгууллагын, иргэн хувь хүний үйлс бүхэн төгөлдөр, гэгээн байхыг кабинетын нээлтийн ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат онцолж байлаа.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм.

Архангай аймгийн хэмжээнд жилд дунджаар 300 гаруй хүн хавдраар оношлогддог бөгөөд үүний 150 гаруй нь хөнгөвчлөх эмчилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог байна. Хөнгөвчлөх эмчилгээний кабинеттай болсноор энэхүү тоо хангалттай буурна хэмээн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа мэдээллээ.