sonin.mn

Архангай аймгийн Цэцэрлэг хотод энэ сарын 28-30 өдрүүдэд ӨМӨЗО-ны соёлын өдрүүд үргэлжиллээ. Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны найрсаг жилийн хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд ӨМӨЗО-оос Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга, төлөөлөгчдийн тэргүүн ноён Чен Баочюань, ӨМӨЗО-ны урлагийн дээд сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Хуан хай, Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Баянжаргал, БНХАУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Вэн Хуншэн тэргүүтэй 80-аад хүний бүрэлдэхүүн хүрэлцэн ирлээ.

Соёлын өдрүүдийн нээлтийг аймгийн музейд хийсний дараа Хүүхийн номын санд айлчилж ӨМӨЗО-оос авчирсан номын дээжээ бэлэглэх арга хэмжээ боллоо.
Мөн аймгийн удирдлагууд төлөөлөгчдийг угтан авч чөлөөт ярилцлага өрнүүлсний дараа Монгол улсад анхны Монгол, Хятадын хамтарсан 4-р цэцэрлэгт зочилж бяцхан багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

ӨМӨЗО-с хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн дарга Чен Баочюань хэлэхдээ:
Цэцэрлэг хот нэрэндээ тохирсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Энэ нутгийн талаар олонтой сонсож байгаад өөрийн биеэр хүрэлцэн ирсэндээ таатай байна.
Хоёр улсын найрамдалт харилцаа боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт улам бүр өсөн нэмэх болноо хэмээлээ.

Соёлын өдрүүдийн хүрээнд ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлэгийн эмч нарын баг хүрэлцэн ирж аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ард иргэдэд үзлэг, оношлогоог хийсэн юм.