sonin.mn

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын боловсролын мэргэжилтэн Асако Маруяамаг өнөөдөр /2014.07.07/ хүлээн авч уулзав.



Хатагтай Асако Маруяама уулзалтын эхэнд хүлээн авч уулзсанд талархаад Азийн хөгжлийн банк санаачлан Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран боловсруулсан “Хөдөлмөр эрхлэх ур чадвар” төслийн талаар танилцууллаа.

Энэхүү төсөл нь 30 сая ам.долларын өртөгтэй зээлийн төсөл бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хичээллэх орчныг сайжруулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой  хэмээн тэрээр хэлэв.



УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, “Хөдөлмөр эрхлэх ур чадвар” төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа  илэрхийлээд хөдөө, аж ахуйн салбар нь цаашид эдийн засагт голлох байр суурь эзлэхэд  төсөл хөтөлбөрүүд чухал түлхэц үзүүлнэ гэв.

Төслийг хөдөө, аж ахуй, зам тээвэр, барилга гэсэн гурван чиглэлээр хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад чиглэсэн сургалтын хөтөлбөрүүд ч багтжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.