sonin.mn

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-Хаврын чуулган зав­сарлаж, гишүүд амарсан ч байнгын хорооны дарга нар ажилласаар байгаа. Хаврын чуулганы хугацаанд танай байнгын хороо хэр үр дүнтэй ажилласан бол. Ямар үнэлэлт өгөх вэ?

-Манай байнгын хороо нэлээд үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Нийг­мийн салбарын хууль ихээр орж ирсэн. Зарим нь бат­лагдсан. Батлагдаагүй нь хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Гишүүдийн маань хувьд ямар нэгэн нам­чир­хал, талцалгүйгээр маш идэвхтэй ажилладаг.

Оруулж ирж буй хуулиуд нь ч нийгмийн бүхий л салбарыг хамруулсан, иргэдийн сайн сайхны төлөө байдаг учраас гишүүд санал нэгтэй байдаг. Бид байнгын хорооныхоо хүрээнд хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүд дээр ажил­лахаас гадна эрхэлж буй асуудлуудынхаа хүрээнд яамд, байгууллагууд болон хөдөө, орон нутагт ажиллаж, хяналт тавин, хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулсаар ирсэн.

Тухайлбал эмнэлгийн барилгууд ашиглалтад орохгүй, царцаагдсан олон барилга байгаа. Түүнтэй хол­боотойгоор ажлын хэсэг байгуулан, дүгнэлт гаргаж, байнгын хорооны тогтоол батлан Засгийн газарт хүр­гүүлсэн гэх мэтчилэн нэлээд үр дүнтэй, завгүй ажилласан гэж бодож байна.

Соёлын өвийг хамгаалах тухай бие даасан хууль батлуулж, УИХ-ын долоон тогтоол дээр ажиллаж, байнгын хо­рооноос гурван тогтоол гар­гасан гээд тоочвол чамгүй үзүүлэлт гарах байх.

-Байнгын хорооны хувьд тийм байж. Харин УИХ-ын хаврын чуулганд ямар дүгнэлт өгөх бол?

-Хаврын чуулганд янз бүрийн л дүгнэлт өгч болно. Батлагдсан хуулиуд зэргээс харах юм бол тодорхой хэмжээний сайн зүйл бий. Тиймээс хэт их харлуулаад яах вэ. Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас түүнийг эрчимжүүлэх чиглэлээр УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй олон асуудал орж ирсэн.

Үүнд нь ч УИХ-аас нэлээд ач холбогдол өгч ажилласан. Мэдээж гишүүд болон олон нийтийн анхаарлыг татахуйц, шүүмжлэл дагуулсан уул уурхай, газрын баялагтай холбоотой хуулиуд их орсон. Юутай ч энэ удаагийн чуулганаар УИХ эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр өөрийн чадах бүхнээ Засгийн газарт хийж өгсөн.

Тиймээс одоо эрчимжих эсэх нь Засгийн газраас шалтгаална. Нөгөө талаас олон асуудалд цаг алдсан учраас алдаа дутагдал их гаргасан. Тухайлбал “давхар дээл”-ийн хуулийг бараг хагас жил ярьж, нийгэмд хүлээлт бий болгосон. Гишүүдийн дийлэнх олонх нь “давхар дээл”-ийг тайлах нь зөв гэдэг байр суурьтай, Засгийн газар УИХ-ынхаа дээр гараад суучихсан гэдэг шүүмжлэлийг хэлсээр ирсэн.

Гэтэл Ерөнхийлөгч энэ тухай хуулийн төслийг өргөн барьсан ч батлагдах шатанд нь гишүүд унагасан нь туйлын хариуцлагагүй явдал. Мэдээж үүний гол буруутан нь Засгийн газар. Хэрвээ тухайн үед батлачихсан бол одоо өдийд бүх зүйл жигдрээд, голдиролдоо орчихсон байх учиртай.

Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох зэрэг асуудлаас болж маш их цаг алдсан. Намын бүлгүүд ээлж дарааллан зав­сарлага авсан. Хуулиараа бол долоо хоногийн дотор яриад, шийдчих ёстой. Үүнээсээ болж нийгэмд хагарал бий болгон, нэгнийгээ гутаан доромжлох асуудал ч үүсгэлээ. Үндсэндээ цаг алдсанаас болж ажлаа алдсан.

-Сонгуулийн, улстөрийн намуудын тухай зэрэг хуулиудыг хойш тавьсанд олон нийт нэ­лээд шүмжлэлтэй хандаж байгаа. Таныхаар бол?

-Сая УИХ-ын чуулганыг үргэлжүүлээд хуралдуулж, шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэх байлаа. Уг нь хаврын чуул­ганаар эдгээр хуулийг хэлэлцэн, эцэслэн батална гэж байсан. Гэтэл тэгсэнгүй. Сонгуулиа яаж явуулж, төр засгаа хэрхэн байгуулах вэ гэдгээ шийдвэрлэснээр дараагийн төрийн үйл ажиллагаа тодорхой болох учиртай.

Эдгээрийг хийж чадсангүй. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Гэхдээ яг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Сонгуулийн, улстөрийн намуудын тухай хуулийг бид дараагийн сонгуулиас урьтаж, бүр өмнө нь баталж, тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой. Ингэснээр сонгууль зөв, булхай, будилаангүй явагдана.

УИХ-д шударга, зөв сэтгэлгээ, үзэл бодолтой хүмүүс орж ирэх бололцоо нь бүрдэнэ. Дээрх хуулиудыг сонгууль дөхүүлж батлах тусам гишүүд болон на­муудын төлөөлөл өөрсдөдөө тааламжтай байдлаар асуудлыг шийдвэрлэнэ.

-Засгийн газар парламентынхаа дээр гарсан нь фракциудад албан тушаал бэлэглэснээс болсон уу?

-Засгийн газар парламентыг хөтлөөд байгаа нь үнэн. Засгийн газар УИХ-ын дээр, намууд төрийн дээр сандайлчихдаг та­лаар олон жилийн турш ярьж ирсэн. Ха­рин энэ парламентын үед бүр гаарчихлаа. Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-аас томилогдсон. Парламентад тэдний эзлэх хувь хэмжээ хэд вэ гээд бодоход л төвөгтэй байдал үүсч байгаа шүү дээ.

Уг нь энэ хоёр тусдаа байвал аль аль нь ажлаа үр дүнтэй хийж, УИХ Засгийн газраа шахдаг, хянадаг тогтолцоо нь зүй тогтлоороо явна. Адилхан УИХ-ын гишүүн, нэг нь давхар Засгийн газрын гишүүн гэдэг том албан тушаалд оччихоор шаардлага тавихад төвөгтэй байдал үүсдэг.

“Адилхан гишүүн байж яах нь вэ” эсвэл илүү нэг нь илүү албан тушаалтайгаараа энгийн гишүүнээ дээрэлхэх хандлага байдаг. Энэ мэтчилэн сөрөг талууд бишгүй бий. Уг нь эдгээрийг шийдэх ёстой байсан. Даан ч чадсангүй. “Давхар дээл” тайлах асуудлыг ядаж 2016 оноос гээд шийдвэр гаргачихсан бол Монгол төрд маш хэрэгтэй байсан.

Харамсалтай нь Ерөнхийлөгч, УИХ-даа итгэдэггүй Засгийн газар нь дээрх төслийг унагах гэж улайран дайрсан. Санасандаа хүрсэн. Монголын парламетын түүхэнд хуулийн төсөл бат­лагдах шатандаа бүх хэлэлцүүлгийг давж унаж байгаагүй гэдгийг УИХ-ын дарга ч хэлсэн.

-Фракциудын бүлэглэл одоо бол пар­ламентад ороод ирчихлээ. УИХ цаашид үр дүнтэй ажиллах чадамж хэр байгаа бол?

-АН л ил зарлачихдаг болохоос фракц­гүй нам гэж байхгүй. Гэхдээ фракциуд­даа яамд, албан тушаал хуваарилж өгдөг байдлаа болих хэрэгтэй. Энэ нь Монгол төрийг туйлдуулж, сульдааж, хүчгүйдүүлж байна. Үүнийг АН-ын гишүүд ч дотоодоосоо ярьж эхэлсэн. Хэрвээ цэг тавихгүй бол төрийн нэг агентлагт ч өөр өөр фракцийн хүмүүс томилогдчихоод эрх мэдлээ бу­лаалдаад, хоорондоо зөрчилдөөд сууж бай­гаа асуудал ч бий.

Зарим байгууллагад төрийн салаа мөч­рийг хувьчлаад авчихсан мэт дүр зураг ч ажиглагдаж байна. Яах вэ, дотоодоосоо үүнийгээ мэдээд, засах тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Бүр болохгүй бол УИХ өөрөө тарж болно.

Ард түмэн УИХ-ын ги­шүүдийг ажлаа сайн хийгээрэй, улс орноо хөгжүүлээрэй, зөв бодлого гаргаарай гэж л сонгож, томилж явуулсан. Түүнээс хоо­рондоо хэрэлдэж байгаад тарчих гэж хэ­лээгүй. Тэр утгаараа ажиллах гэж хичээх хэ­рэгтэй. Үнэхээр болохгүй, эвлэж ажиллаж чадахгүй бол тарах нь зөв.

-Ж.Энхбаяр гишүүн УИХ-ыг тараахаар гишүүдээс гарын үсэг цуглуулна гэж байсан. Тантай уулзсан уу?

-Гишүүд санаачлан УИХ-ыг тараахаар га­рын үсэг цуглуулж байгаа бол бүрэн эрхийнх нь асуудал учраас буруутгах шал­таг алга. УИХ-ыг шахаж, шаардаж, ажлыг нь хийлгэхээр чиглүүлж байгаа бол сайн хэрэг. Харин улстөрийн ашиг хонжоо хайж, сонгууль зохион байгуулан, дараа нь намаа ялуулна гэж бодож байгаа бол буруу.

Асуудлыг аль өнцгөөс харж байна вэ гэдэг нь чухал. Одоогийн байдлаар гарын үсэг зурах эсэх талаар надад санал тавьсан зүйл алга. Хэрвээ орж ирвэл чухам яагаад гэдгийг нь харж байж, гарын үсэг зурах эсэхээ шийднэ. УИХ-д орж ирчихээд амиа тасартал, үхэн хатан зууралдах шаардлага алга.

-Байнгын хорооны дарга нар чуулганы завсарлагааны үеэр ч ажилладаг. Таны хувьд ажиллаж байгаад наадмаар тойргийн зүг хүлгийн жолоо залах уу?

-Улсын баяраар хотод байж байгаад, дараа нь шууд Ховд руугаа явна. Энэ жил манай аймгийн таван сумын 90 жилийн ой тохиож байгаа. Мэдээж чуулган завсар­лачихсан, наадам ч болж байна сумдын иргэд сонгосон гишүүн нь ирээсэй гэж хүсдэг.

Тиймээс тойрогтоо очиж, наадамд оролцож, бас ир­гэдтэйгээ уулзаж, ажлаа ч амжуулна даа. Аймагт маань энэ жил Галдан Бошигт хааны сүүдэр тохиосны 370 жилийн ой, Баруун бүсийн даншиг болох учраас тэдгээрийн үйл ажиллагаануудад оролцоно. Түүнчлэн тойрогтоо хийж эхлүүлсэн ажлууд бий. Тэдгээрийнхээ үр дүн, шинэ ажлуудынхаа эхлэл гээд нэлээд ачаа­лал­тай байх болов уу.

Тухайлбал Баруун бүсийн эмчилгээ, оношил­гооны төвд Бельги болон манай улсын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд зур­гаан сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлнэ. Солонгосын парла­мен­тын манайхтай адил үйл ажил­лагааны чиглэл бүхий байнгын хорооны даргыг урьсан байгаа.

Тэр хүн эрүүл мэндийн сал­барын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Ховд аймаг руу чиглүүлж, хоёр улсын эмнэлэг, сургуулиуд хамтын ажиллагаатай болох үүд нээгдэнэ.
Мөн тойргийн маань эмнэл­гүүдэд тоног, төхөөрөмж бэлэглэх юм.

Мөн өөрийн “Ховдын ирээдүй сан”-гийн­хаа шуга­маар боловсролын салбарт оюуны хө­рөнгө оруулалт хийдэг. Ховдын сур­гуу­лиудаасаа нэг, нэг шилдэг сурагч шал­гаруулж, олимпиадуудад эхний гурван байрт орсон сурагчдад мөн тэтгэлэг өгдөг юм. Энэхүү төсөл, хөтөлбөрийнхөө үйл ажил­лагааны дүгнэлтийг хийнэ.

Сумдад эхлүүлсэн төсөлүүд болон иргэдийнхээ үгийг сонсож, батлагдсан хуулиудаа та­нил­­цуулна. Үндсэндээ Ховдод зусах байх. Зав­сар­лагаа­наар ажиллах хувиараа батал­чихсан, түү­нийхээ дагуу ажиллаад л явна даа.

-Ховдоос сонгогдсон хоёр гишүүн нэг айлын хүргэчүүд ч өөр намын харьяа­лалтай. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь бас өөр, өөр намынх. Тэгэхээр ажил хэр урагштай байдаг вэ. Ховдчууд таныг хэр харддаг бол. Нэг айлын базууд аймгийг маань хуваагаад “идчих вий” гэх зэргээр?

-Бид өөр үзэл бодолтой бас өөр намын гишүүд. Гэхдээ Ховдынхон хэзээ ч улс­төржиж, талцдаггүй. Ховдыг хөгжүүлэх, хөрөнгө оруу­лалт татах зэрэгт гар нийлж ажилладаг. Бид зөрчилдөх ямар ч шаард­лага байхгүй. Тэнд зарлагдаж байгаа ганц тендерт оролцохгүй гэдгээ би аль эрт хэлчихсэн. Бид Ховдод сон­гуулийн үеэр л улстөржье.

Бусад үед нам­чирхах, талцах асуудал байж болохгүй гэдгээ тохирчихсон учраас үл ойлголцол огт гардаггүй. Бид уялдаа холбоо маш сайтай учраас гар нийлж ажиллаж чаддаг. Ховдын ард түмэн намайг тендер гэх мэт зүйлд оролцоод яваад байх хүн биш гэдгийг мэддэг учраас надад итгэдэг.

Энэ дашрамд танай сониноор Мон­голынхоо нийт ард түмэнд дэлгэр сайхан зундаа дэнжид хотойтол сайхан наа­даарай гэж уламжилъя. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байхыг ерөөе.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: