sonin.mn
ХУНЬЧУНЬ. /Ёнхап/. Зүүн Хойд Азийн ачаа тээврийн төв болох бүрэн боломжтой хэмээн олон улсын анхаарлын төвд орсон БНАСАУ-ын Ражин боомтыг хөгжүүлэх нэгдсэн арга замыг хэлэлцэх олон улсын хэлэлцүүлэг энэ сарын 13-нд Хятадын Жилин мужийн Хуньчунь хотод болов.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) хүрээнд бүс нутагт хэрэгжиж буй төслийн нэг Түмэн голын хөгжлийн хөтөлбөрийн (ТГХХ) удирдах газраас зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт БНСУ, Хятад, Монголын эдийн засаг, зам тээврийн салбарын мэргэжилтнүүд болон холбогдох алба, хувийн хэвшлийн төлөөлөгчид, Ази-Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссын төлөөлөгч зэрэг 20 гаруй хүн оролцов. ОХУ-ын төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцоно гэж байсан боловч ОХУ-БНАСАУ-ын хамтарсан Ражин-Хасаны төслийн ирээдүйд гүйцэтгэх үүргийн талаарх саналаа ТГХХ-ийн удирдах байгууллагад илгээн хэлэлцүүлсэн юм. “Анх удаа болж байгаа олон улсын хэлэлцүүлэгт ТГХХ-ийн гишүүн орнууд болон олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнөх төлөвтэй байна. ТГХХ нь ирэх 2016 оноос эхлэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлэх бөгөөд цаашид урт хугацаанд хэрэгжих Ражин боомтыг хөгжүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт найдаж байна” гэж ТГХХ-ийн удирдах газрын дарга Ван Вейниа хэлэв. ОХУ-ын Сибирийн их төмөр замын төсөлтэй холбогдуулан бүс нутгийн улсын сонирхлыг татах болсон Ражин боомтын хөгжлийн асуудлаар анх удаа олон талын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Ражин боомтын одоогийн 1-3 дугаар зогсоол болон цаашид шинээр байгуулах 4-6 дугаар зогсоол зэрэг боомтыг хөгжүүлэх нэгдсэн арга зам, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцав. “БНСУ-ын Засгийн газар Ражин-Хасаны төслийг Евразийн нэгдэх үйл явцын үлгэр жишээ болгон хэрэгжүүлэх маш өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Цаашид Өмнөд болон Умард Солонгос, ОХУ-ын, мөн Өмнөд болон Умард Солонгос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, Ражин боомтыг олон улсын ач холбогдолтой болгох замаар Умард Солонгосыг өөрчлөлт, нээлттэй байдалд хөтлөх хэрэгтэй” гэж БНСУ-ын Төмөр замын технологийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач На Хы Сын хэлэв. Мөн Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Г.Дүгэржав хэлэхдээ, “Ражин боомтыг ачаа тээврийн далайд гарах тогтвортой чиглэл болгосноор Монголын байгалийн баялгийн экспортод маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Ражин боомтыг ашигласнаар ачаа тээврийн зардал буурч, дэлхийн зах зээл дэх Монголын баялгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаад улстай харилцах, тохиролцоо хийх боломжийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна” гэв. ТГХХ-ийн зөвлөх Жан Ду Хваны хэлж буйгаар, Ражин боомтыг хөгжүүлэх ажилд олон улсын хөрөнгө оруулалт орох эсэх өнөөдөр боомтын үндсэн гурван зогсоолд чиглэж буй Ражин-Хасаны төслийн хэрэгжилтийн байдлаас хамаарах магадлалтай аж. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Ражин боомтод оруулах олон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх болно гэдгийг Жан Ду Хван зөвлөх онцолсон юм.
 
ТГХХ нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар 1992 онд байгуулагдсан бөгөөд хоёр Солонгос, Хятад, ОХУ, Монгол гэсэн таван улсын оролцоотой үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн боловч, БНАСАУ тус байгууллагын зохион байгуулалттай холбоотой гомдол мэдүүлж улмаар 2009 онд хөтөлбөрөөс гарсан юм. Харин БНАСАУ уг хөтөлбөрөөс тусдаа Хятад, ОХУ-тай харилцан Ражин боомтыг ашиглан хуурай болон усан тээврийн нэгдсэн шугам байгуулахаар идэвхтэй ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчид ТГХХ-ийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх талаар асуудал дэвшүүлж санал бодлоо хуваалцсан юм. Тухайлбал, БНСУ-ын олон улсын эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Им Ху Ёл, “ТГХХ нь ижил цаг үед байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (CAREC), Меконг мөрний бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (GMS) жишээнээс суралцах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
 
А.Цацралт
 
Эх сурвалж: "www.montsame.mn"