sonin.mn

Гадаад бодлогын үзэл баримтлалын 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд

Монгол Улсын гадаад харилцааны салбарын түүхэн хөгжилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад дипломатууд, ажил үйлсийг нь залгамжлан хэрэгжүүлж байгаа гадаад харилцааны салбарын нийт дипломат ажилтнууд, эрдэмтэн судлаачид, хүндэт зочид Та бүхэнд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Энэ үзэл баримтлал Монгол орны ардчилал, нээлттэй нийгэм, зах зээлийн эдийн засаг руу хийсэн шилжилтийн хүнд бэрх үед гадаад бодлогын уялдааг хангаж чадсан юм. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах, гуравдагч хөрштэй болж, найрсаг харилцаа хөгжүүлэх, бүс нутагтаа идэвхтэй үүрэг гүйцэтгэх зэрэг бодлогын гол гол зангилаа асуудлаар улс төрийн зөвшилцлийг бий болгож чадсан нь өнөөдөр бидэнд ач холбогдолтой хэвээр байна.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлагдаад 20 жил, шинэчлэгдээд 3 жилийн нүүрийг үзэхдээ түүхэн үүргээ биелүүлсэн гэж би үздэг. “Монгол Улсын гадаад бодлогын зорилт нь тус улс хүн төрөлхтөний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах явдал мөн“ гэж гадаад бодлогын үзэл баримтлалд заасан байдаг.

Монгол Улс өнөөдөр НҮБ-ын бараг бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоож, НАТО-ын түнш орон, ЕАБХАБ-ын гишүүн орон болсон төдийгүй 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа нь гадаад бодлогын үзэл баримтлал үүргээ гүйцэтгэснийг гэрчилж байгаа юм.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын алдаа оноо, түүхэн замнал, ач холбогдол, шүүмжлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, ярилцах нь өндөр ач холбогдолтой юм. Энэ чухал ойн эрдэм шинжилгээний бага хуралд оролцож буй Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн хамт хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.