sonin.mn

ЭМЯ-ны байранд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албанаас “Ундраа” хүүхдийн зуслангаас ирж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт хүүхэд хөгжлийн “Ундраа” хүүхдийн зуны зуслангийн гуравдугаар ээлжинд амарч байсан хүүхдүүдээс 40 шахам хүүхэд хоолны хордлогот халдвар авсан гэх яаралтай дуудлагаар /ХӨСҮТ/-д ирж эмчлүүлж байгаа юм.

“Ундраа” хүүхдийн зусланд 237 хүүхэд амарч байсан бөгөөд хоолны хордлого гарсан даруйд шуурхай ажиллаж чадсан нь халдварыг даамжрахаас сэргийлсэн байна. “Ундраа” зуслан нь 1989 оноос 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг зуслан Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш 3 км-т байдаг.

“Ундраа” зуслангийн эрхийн бичиг 150 мянган төгрөг. Нэг ээлжиндээ 6 бүлэгт 240-270 хүүхэд 7 хоногоор хүлээн авах хүчин чадалтай юм. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

“ХӨСҮТ-ийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг шуурхай ажилласнаар эмнэлэгт хэвтсэн 38 хүүхдийн биеийн байдал сайжирч эмчилгээ үр дүнгээ өгч эрүүлжсэн байна. Өнөөдрөөс энэ хүүхдүүдийн түрүүч эмнэлгээс гарч эхэлнэ. Яг ямар халдвар байсан талаар шинжилгээний хариу тодорхой гараагүй байгаа” гэж тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв.

Тэрбээр энэ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ үеэр баяр наадам тохиож байгаатай холбогдуулан хоолны эрүүл ахуйг хангах, хоолны хордлогын талаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав.  Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга болох гарын ариун цэврийг сахиж, гараа савантай угаах нь чухал юм.

Суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 30-50 хувиар, усан хангамжийг сайжруулснаар 25 хувиар, ариун цэврийн нөхцлийг сайжруулснаар 32 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоожээ.

Манай улсад сүүлийн 3 жилд дунджаар нийт халдварт өвчний 8,8 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлдэг. Үүний дотор цусан суулга /30 гаруй хувь/, сальмонеллёз /20 гаруй хувь/, гар хөл амны өвчин, хоолны хордлогот халдварууд 70-80 хувийг эзлэдэг бөгөөд 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл зонхилдог.

Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөл байдаг. ДЭМБ-ын “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг хүмүүст анхааруулдаг. Үүнд:

Ариун цэвэр сахь /гар/, болсон болон түүхийн хүнсийг тусад нь хадгал, хоол хүнсийг гүйцэд болго, хоол хүнсийг зохих хэмд хадгал, ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго хэмээн зөвлөсөн байдаг. Хэдхэн хоногийн дараа эхлэх Үндэсний их баяр наадмаараа иргэн та, эдгээр таван зарчмыг чанд баримтлан сахиж сайхан наадаарай!

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг