sonin.mn

  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар тус Байнгын хорооноос Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр /2014.07.08/ хэвлэлийн бага хурал хийлгэв.

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 4 хууль, 2 Улсын Их Хурлын 2 тогтоол батлуулж, олон улсын 5 гэрээ, конвенцийг зөвшилцөн санал, дүгнэлтээ хуралдааны тэмдэглэлийн хамт Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж 20 асуудал, үүнээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл, 5 зөвшилцсөн гэрээ, конвенци, 1 хяналт шалгалтын тайлан, 4 мэдээлэл, илтгэл хэлэлцжээ.

Мөн Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 4 ажлын хэсэг 10 удаа, Тусгай хяналтын дэд хороо 2 удаа хуралдсан талаар Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар мэдээлэлдээ дурдав.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хуулийг хэлэлцэж батлууллаа.

Мөн Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлуулсны зэрэгцээ Монгол Улс “Антрактидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нарыг томилох тухай, Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”,

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай асуудлуудыг зөвшилцөж Засгийн газарт хүргүүлсэн талаар дурдав.



Түүнчлэн “Алтанбулаг”, “Цагааннуур”-ын худалдааны, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, бүсийн Захирагчдын танилцуулгатай танилцан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг өгснийг онцлов.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар БНСУ-д ажиллаж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, Пусан хотод Консулын газар нээн ажиллуулах бэлтгэл ажил, БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд, оюутнуудын амьдрал ахуй, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, БНСУ-ын иргэдэд виз олгож буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.

Мөн тус Байнгын хороо энэ оны 5 дугаар сараас “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг” сэдэвт судалгааны санал асуулгыг Улсын Их Хурлын цахим хуудсаар (www.parliament.mn/polls) явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд уг санал асуулгад 356 хүн оролцсон байна.

Энэ нь Байнгын хорооны үйл ажиллагааг нээлттэй болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааг гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэддээ хүргэж, эргэх холбоо тогтоох шинэлэг арга хэмжээ болсныг Ц.Оюунбаатар дарга онцоллоо.

Мөн Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нар Монгол Улсаас Зүүн хойд Азид суугаа Элчин сайд нарын зөвлөгөөнд оролцож, БНХАУ-ын Ляонин, Зилинь мужийн зарим хотууд, Дандун далайн боомт, БНАСАУ-ын Расөн эдийн засгийн чөлөөт бүс, Ражин, Үнсан боомтын үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол Улс далайн нээлттэй боомттой болох, удаан хугацаагаар боомт түрээслэх асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч энэ талаарх саналуудыг судалж байгаа гэдгээ Байнгын хорооны дарга хэллээ.

Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагаа, гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн зарим байгууллага, Зэвсэгт хүчний болон хилийн анги салбарын ажил байдалтай танилцаж тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон тухайгаа танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гарган Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд гадаад улсад суугаа Элчин сайдуудтай Гадаад харилцааны яаманд цахим уулзалт хийсэн.

Уг ажлын хэсэг 4 удаа хуралдаж, гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргуулан судалж, санал дүгнэлт боловсруулаад байгааг дурдлаа.



Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, боловсруулсан тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанар хэлэлцээд “Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар чиглэл өгөх тухай” тогтоол батлан Засгийн газар, Гадаад харилцааны яаманд чиглэл өгчээ. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгох, дипломат албыг хөгжүүлэх, мэргэжлийн чадавхийг бэхжүүлэхийн зорилгоор Төрийн гадаад харилцааны тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх,

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг дэмжих үүднээс шаардлагатай орон тооны судалгаа гарган төсөвт ачаалал өгөхгүйгээр үе шаттай зохицуулах арга хэмжээ авах, тус яамны дэргэд Дипломатын академи байгуулах замаар үндэсний мэргэжилтнүүдээ сургаж бэлтгэх нь зүйтэй гэж үзэж, Засгийн газар чиглэл өгсөн талаар тэрбээр дурдсан юм.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчид Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авлаа.

Тус Байнгын хорооны ажлын албанаас тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах бодлогын үндэс төслүүдийн харьцуулсан судалгаа, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц байдалд дүгнэлт хийж, Иргэний болон цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн талаар харьцуулсан судалгаа,

Цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын эрх зүйн орчин, тусгай зөвшөөрлийн талаар олон нийтийн байр суурийн талаарх судалгаа, Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байгаа тухай лавлагаа зэрэг нийт 32 судалгаа, лавлагаа, мэдээлэл бэлтгэж, Тусгай хяналтын дэд хорооны дүрмийн төслийг боловсруулж Байнгын хорооны дарга, гишүүдэд хүргүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.