sonin.mn

Бүгд Найрамдах Итали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Энцо Стефанини тэргүүтэй Италийн батлан хамгаалах, зэвсэгт хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчид 7 дугаар сарын 06-ны өдрөөс гурав хоногийн турш Монголд ажлын айлчлал хийхээр ирээд байна.

Энэхүү айлчлалын хүрээнд ноён Э.Стефанини Монгол улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатартай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх арга замын талаар ярилцлаа.

Монгол-Итали хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа 1997 онд харилцан батлан хамгаалахын атташе томилсоноос эхлэлтэй ч өнөөг хүртэл зогсонги байдалтай байгаа талаар хоёр тал санал нэгдээд, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход БНИУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчдийн энэхүү анхны томоохон хэмжээний айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзлээ.

Хоёр орны Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нар цаашид Монгол-Итали улсуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь энхийг дэмжих ажиллагаа, цэргийн мэргэжлийн сургалт, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр өргөжин хөгжих боломжтой бөгөөд салбар хоорондын өндөр хэмжээний болон дунд түвшний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах нь зохимжтой талаар ярилцаж, харилцан санал бодлоо солилцсон юм.

Мөн дэслэгч генерал Энцо Стефанини тэргүүтэй төлөөлөгчид ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайтай уулзаж ярилцсаны дараа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги зэрэг анги байгууллагаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа.