sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хуулийн төслийн агуулгын талаар  сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл санаачилсныг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.

Ухаалаг төр гэдэг бол нэгдүгээрт, ардчилсан, нөгөө талаасаа хариуцлагатай байх тухай ойлголт юм. Нийтийн сонсголын тухай хууль бол төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Энэ нь төрийн бодлого шийдвэрийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах тухай анхны хууль юм.

Нийтийн сонсгол дотроо олон төрөлтэй. Хууль тогтоох сонсгол нь хууль тогтоогч, хууль санаачлагч нар хууль боловсруулахдаа иргэдийн саналыг яаж авах тухай сонсгол юм. Мөн ерөнхий хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байна.

Эдгээрээр хууль тогтоох, хэм хэмжээ тогтоох, захиргааны акт гаргах, төсөв батлах зэрэгт олон нийтийн оролцоог хангана. Энэ хуулиар анх удаа сонсгол тавьсан хүн худал мэдээлбэл хариуцлага хүлээдэг болж байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хууулиар зөвхөн шүүх дээр гэрч, шинжээч худал мэдээлбэл хариуцлага хүлээдэг.

Шинэ хууль батлагдвал УИХ дээр болон УИХ-аас зохион байгуулсан сонсгол дээр хуулийн этгээд, албан тушаалтан худал мэдээлэх юм бол шүүхэд худал мэдээлсэнтэй адил хариуцлага хүлээдэг болно. Ингэж хариуцлагажуулж байгаа хууль болох юм” гэлээ.