sonin.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарын бүрэлдэхүүн өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Тэд “Гудамж” төсөл болон Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Эрчим хүч” дэд төслийнхний хамтаар дээрх дүүргүүдийн хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсэд автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй газар дээр нь танилцаж, баталгаажуулсан юм.

“Чингис” бондын санхүүжилтээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн бүтээн байгуулалтыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал хариуцсан бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан, хамтран ажиллаж байгаа.

Ингэхдээ хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсийг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбох зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастай чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавихаар өнөөдөр танилцсан юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр “Дэд бүтэц, зам, сүлжээ, тээврийн үйлчилгээ хомс, алслагдсан энэ хэсэг удахгүй хотын хамгийн дээд зэрэглэлийн, өртөг өндөр хороолол, хотхон болох боломжтой.

Энэ боломжийг хангахын төлөө “Гудамж” төсөл, нийслэлийн төр захиргааны байгууллага, холбогдох яамд хамтран ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Ямартай ч нийслэлийн захын дүүргүүдийг тэлэн суурьшсан иргэдийн амьдрах орчин, тав тухыг хангах бүтээн байгуулалтыг удахгүй “Гудамж төслийнхөн эхлүүлэх нь.

Н.Туяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг