sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев 2014 оны 7 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев бараалхав.

Эрхэм зочин уулзалтын эхэнд Киргизийн Ерөнхийлөгч А.Атанбаевын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулж, тус улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд хийсэн айлчлалыг өндрөөр үнэлж байдгийг хэллээ.

Мөн ирэх есдүгээр сард Киргизэд болох Бүх дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьсан урилгыг дамжууллаа. Тус наадамд Турк, дундад Азийн орнууд оролцож бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зэрэг нүүдэлчдийн уламжлалт наадмаар наадах юм байна.

Киргиз улс ардчилал, зах зээлийн Монгол загвар, ялангуяа хүний эрх, ардчилсан шударга сонгуулийн туршлагаас хуваалцаж, илүү ихийг суралцах сонирхолтой байдгийг Ерөнхий сайд Д.К.Оторбаев илэрхийлж байлаа. Хоёр улс зан заншил, амьдралын хэв маяг, соёл, түүх гээд олон зүйлээр ижил төстэй тул ардчиллын Монгол загвар Киргизэд илүү нийцтэй гэдгийг тэрээр онцолж байсан юм.

Мөн хоёр орон уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдав. Киргиз орон цаг агаарын хувьд тааламжтай тул Монголын бизнес эрхлэгчид очиж хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлбэл тохиромжтой болохыг ч онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогчдын үнэн зөв, бодит бүртгэл, сонгуулийн цахим хэлбэр нь ардчилсан шударга сонгууль явуулахад нэн түрүүнд чухал болохыг хэлж байсан юм. Тэрээр мөн хоёр орны хооронд төлөөлөгч солилцож байх нь туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэж байв. Ялангуяа ард нийтийн төлөөлөл болсон Парламентын гишүүдийн солилцоо чухлыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлбарлав. Энэ хүрээнд Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар батлуулж, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг өргөн барьсан, мөн Томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон Захиргааны ерөнхий хуулийн  төслийг боловсруулаад байгаагаа танилцууллаа.

Мөн Монгол Улс сонгуулийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж, иргэдийн оролцоог илүү хангах чиглэлээр ажиллаж буйг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Киргизийн Бишкек хотноо нээх гэж байгааг мөн дурдав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНКирУ-ын Ерөнхий сайд Д.К.Оторбаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайд Д.К.Оторбаев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол, Киргизийн харилцаа амжилттай хөгжиж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр хэмжээний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг хэмээн үзэж цаашид харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа дурдаад хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын бүлгүүдийн харилцаа, харилцан айлчлал чухал үүрэгтэйг хэллээ.

Түүнчлэн хоёр тал соёл, түүх, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах өргөн боломж байгааг дурдаад үүнтэй холбогдуулан харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулж байх, нүүдэлчний соёлыг хамгаалах, сурталчлах чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Мөн тэрээр 2014 оны 6 дугаар сарын 22-27-нд болсон НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг дэмжсэнд талархал илэрхийлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улс, БНКирУ хоёулаа нэрээ дэвшүүлж, бие биенээ дэмжиж байгааг дурдлаа.

Ноён Д.К.Оторбаев Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд хамт яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулав. Тэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жокорку Кенешийн дарга Асылбек Шарипович Жээнбековт мэндчилгээ дамжуулаад айлчлалд нь амжилт хүслээ.

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевын Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хэлэлцээний үеэр Монгол, Киргиз хоёр улс нь парламентын ардчиллыг хөгжүүлэх чиглэлд цаашид бие биедээ дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн гэлээ.

Мөн Монгол Улсад бүрдүүлсэн иргэний бүртгэлийн болон сонгуулийн тогтолцоо, төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр манай улсаас туршлага судлан хамтран ажиллахаар ярилцсан байна.

Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг дорвитой урагшлуулах тал дээр санал нэгдэж, Монгол Улсаас ноос ноолууран бүтээгдэхүүн, Бүгд Найрамдах Киргиз Улсаас элсэн чихэр болон төрөл бүрийн жимс жимсгэнэ харилцан экспортлох тал дээр хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжтой гэдгийг ярилцжээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев Монгол Улсын ардчилалыг бий болгож хөгжүүлэхэд хуримтлуулсан туршлага нь Бүгд Найрамдах Киргиз Улсад парламентын ардчилалыг тогтооход тус дөхөм болдгийг хэлээд цаашид эдийн засгийн салбарт уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ.

Цаашид хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев хэллээ.