sonin.mn

Шатахууны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа сүүлийн долоо хоногт Санкт-Петербургийн олон улсын шатахууны бирж дээр нэг тонн  Аи- 92 бензиний үнэ 689 рублиэр  буюу 39 003 рубль хүртэл,   Аи-95 бензин 574 рублиэр буюу 41 042 рубль хүртэл нэмэгджээ.

Өөрөөр хэбэл, дээрх шатахуунуудын   үнэ  1,8 хувь  болон 1,4 хувь тус тус нэмэгдээд буй юм. Оросын  мэдээлэл-судалгааны “Кортес” төвийн уламжилж байгаагаар, өнгөрсөн нэгдүгээр сард   Аи-95 бензиний  үнэ ердөө 32 464 рубль байсан бөгөөд  нэг тонн  Аи-92  30 767 рубль  хүрч байжээ. Ингэхдээ эдгээр нь их хэмжээний нийлүүлэлтийн үнэ байсан , гэтэл   одоо  дээрх  үнэ 22 хувь өсжээ.

Үүнтэй холбогдуулан шинжээчид ирэх 8, 9–р саруудад шатахуун түгээх станцуудад нэг литр бензиний  жижиглэнгийн үнэ 0,5-1,5 хувиар нэмэгдэж болох прогнозыг өгч байна. Учир нь ШТС–ын эзэд хямд үнээр түлш заран, ашиггүй бизнес эрхлэхийг хүсэхгүй нь мэдээж  хэрэг юм.

Гэхдээ тус улсын Монополийн эсрэг албанаас шатахууны үнэ эрс нэмэгдэх болсон учир шалтгааныг шүүн тунгааж, гэм буруутай этгээдүүдийг шийтгэж магадгүй байна. Яагаад гэвэл, шатахууны  бөөний үнийн өсөлт  хоёр  долоо хоногоос хоёр сарын хугацаанд жижиглэнгийн үнэд нөлөөлж ирдэг аж.

Хоёр долоо хоногийн турш бирж дээр огцом өсч байгаа бензиний үнэ холбогдох байгууллага болох Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа тухай оросын төвийн   хэвлэлүүд бичжээ.

Москва хот А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг