sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр академич, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор О.Төмөртогоог “Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасан байна.

Академич О.Төмөртогоо нь Монголын Геологи судлалыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд даруй 50 жилийн хөдөлмөрөө зориулж байгаа ахмад эрдэмтэн бөгөөд Монгол орны геологи, тектоник, геодинамик, геологийн зурагзүйн зэрэг 4 үндсэн чиглэлээр ажиллаж, нийтдээ 200-аад эрдэм шинжилгээний бүтээл туурвисанаас гадна эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн 10 тайлангийн хамтран зохиогч, орос ба монгол хэлнээ хэвлэгдсэн 3 ном, 30 геологийн төрөлжсөн зургийн редактор бөгөөд Монгол Улсын Үндэсний атлас, энциклопеди, геологийн зураг, эрдэм шинжилгээний цуврал зэрэг 92 бүтээлийн редакцийн зөвлөлд ажилласан байна.

Тэрбээр 1970-аад онуудад Дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинээр дэвшигдсэн Плейттектоникийн онол болон Геодинамикийн судалгааны шинэлэг аргазүйг Эх орныхоо геологийн судалгаанд нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол орны атриат тогтолцоонууд Эртний Монгол-Агнуурын далайн геодинамик хувслын явцад үүссэн тухай онолын үзэл баримтлалыг дэвшүүлээд байгаа манай тэргүүлэх эрдэмтэн юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг