sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Ёнхап/. Си дарга Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тогтолцоог шинэчлэхийг хүсэж байгаа ч Ким Жөн Уныг хаях бодолгүй байна гэж АНУ-ын “The Wall Street Journal” сонинд бичжээ.

Тус сонинд бичсэнээс харвал, БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар олон асуудал хэлэлцэж тохиролцоонд хүрсэн боловч БНАСАУ-ын асуудлаар тохиролцож чадаагүй байна.

Сигийн БНСУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын стратегийн түншлэл, ЗХА-ийн энх тайвны төлөөх хамтран ажиллагааны талаар тохиролцож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаар ч мөн санал нэгдсэн байна.

Си Зиньпин энх тайван нэгдлийн төлөөх солонгос үндэстний хүсэл эрмэлзлийг хүндэтгэж, Солонгосын хойгийн энх тайван нэгдлийг дэмжинэ гэдгээ мөн илэрхийлсэн билээ. Дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНАСАУ-ын талаар тодорхой мэдэгдэл хийгээгүйгээс харвал БНАСАУ-ыг хамгаалдаг Хятадын үндсэн зан чанар хэвээр байгаа гэдэг нь ажиглагдсан юм.

Си Зиньпин хэдийгээр Ким Жөн Унд таатай ханддаггүй ч түүнийг хаях сонирхолгүй байна гэж “The Wall Street Journal” үзсэн байна. Түүнчлэн Хятад улс БНСУ-ын удирдсан нэгдэх үйл явцыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Хятад улс өмнөд хил дээрээ АНУ-ын цэрэгтэй тулахыг хүсэхгүй гэж тус сонинд бичжээ.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг