sonin.mn

СӨҮЛ. /Ёнхап/. “D” аминдэм бүдүүн гэдэсний хорт хавдрын үед тустай болохыг нэгэн судалгааны дүн харуулжээ.

Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийн цусан дахь “D” аминдэмийн хэмжээ их байх тусам хорт хавдраар нас барах магадлал буурдаг болохыг судлан тогтоожээ.

Эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын эмчилгээ хийлгэсэн 1600 өвчтөний цусан дахь “D” аминдэмийн агууламжид харьцуулсан судалгаа хийсний дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Цусан дахь“D” аминдэмийн хэмжээ өндөр өвчтөнүүдийн таваас дээш жил амьд явах магадлал 75 хувь байсан аж.

Түүнчлэн “D” аминдэмийн уг үйлчлэл нь хавдрын эс бусад эрхтэнд үсэрхийлэхийн өмнөх буюу хавдрын хоёрдугаар шатны өвчтөнүүдэд илүү ажиглагдсан байна. Судалгааг цаашид үргэлжлүүлж химийн эмчилгээ хийлгэсэн өвчтөн болон химийн эмчилгээний үед “D” аминдэм давхар хэрэглэсэн өвчтөнүүдэд судалгаа хийх замаар “D” аминдэмийн нөлөөллийг тодорхойлох аж.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг