sonin.mn

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр боллоо.

Өнө эртнээс Монгол цэргийн сүр жавхааг илтгэх Жанжин тугийг хүндэтгэлтэйгээр заллаа. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээг бэлгэдэн Монгол улсын Төрийн далбааг мандуулахын өмнө үе үеийн дөрвөн далбааг хүндэтгэн залсан байв. Олноо өргөгдсөн Монгол улсын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбаанууд ахмад үеийнхний түүх дурсамжийг сэргээж, залуу үейинхэнд түүхээ мартаж болохгүйн чухлыг өгүүлэх мэт сүрлэг намирч байлаа.



Хүндэт зочдын тавцанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын дэргэдэх Батлан хамгаалахын болон Цэрэг-агаарын цэргийн атташе нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон нийслэлийн иргэдийн төлөөлөл байраа эзэлсэн байв. Харин эзэн богд Чингисийн талбайд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын болон Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, энхийг сахиулагчид, эмэгтэй цэргийн алба хаагчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид зэрэг өөр өөрсдийн онцлог, өнгө жавхаа, дэг жаяг бүхий хорь гуч шахам жагсаалын хайрцаг жигдрэн жагссан нь өөрийн эрхгүй уухай түрэм сүрлэг харагдаж байлаа.



Энэхүү жагсаалыг тав дахь жилдээ командалж буй Монгол Улсын ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Б.Баярмагнай бие бүрэлдэхүүнд команд өгөөд, Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсөний дараа ерөнхийлөгч ард олондоо, зэвсэгт хүчнийхэндээ хандан Төрийн далбааны өдрийн болон Үндэсний их баяр наадмын мэнд хүргэлээ.

Тэрбээр, "Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр нь монгол хүний үндэсний бахархал, омогшлын баяр болж, хотол даяараа төрийн далбаагаа дэлхийн тавцанд мандуулж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй эрдэмтэн мэргэд, урлаг соёлын зүтгэлтэн, уран бүтээлчид, тамирчид, Зэвсэгт хүчний дайчид, энхийг сахиулагч цэнхэр дуулгатан нарынхаа гавьяа зүтгэл, бүтээл туурвилийг алдаршуулж, Монгол Улсаа эрчимтэй  хөгжүүлэх  агуу үйлсийг бүтээх урам зоригийг хурцлах өдөр юм" гээд, Монголчууд та бид улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Хүннүгийн  үеэс улбаатай Монгол цэрэг, үеийн үед ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослосон тэмцлийн үр дүнд монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа хадгалж ирсэнийг онцлон хэлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод өдгөө тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах  энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.

Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байв.

Харин 2008 оноос Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.
Энэ жил Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагын 1300 цэргийн алба хаагч, Үндэсний  аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 512, нийт 1812 цэргийн алба хаагч жигдрэн жагсаж, хөл нийлүүлэн цэргийн сүр хүч, жавхаа хийморийг илтгэн байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны 06 дугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл 06 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл 06 дугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд  хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг 07 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.

Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн юм.

Сонирхуулахад, АНУ 6 дугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали 1 дүгээр сарын 7, Аргентин 6 дугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо 5 дугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.