sonin.mn

Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа тэргүүтэй төлөөлөгчид 7 дугаар 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Ноён хошууч генералын айлчлал “Монгол Улсын Төрийн Далбааны өдөр”-тэй тохиосонд тэрбээр ихэд билэгшээн Чингисийн талбайд болсон цэргийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг үзэж сонирхлоо.

Дараа нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг Төрийн ордноо хүлээн авч уулзаж, албан ёсны яриа, хэлэлцээ хийлээ. Хоёр улсын сайд нар яриа, хэлэлцээний үеэр дэлхий нийтийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Монгол Улс Катар Улстай анх 1998 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон. 2007 оны 12 дугаар сард “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан дадлага, сургууль хийх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хөгжиж байна.



Катар Улстай батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Гуравдагч хөрш”-тэй бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан санал, мэдээлэл солилцох механизмыг бүрдүүлэх,

Mонголын цэргийн алба хаагчдыг цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтад хамруулах, терроризмийн эсрэг тэмцэх болон энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах,

Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, материаллаг баазыг сайжруулахад хөрөнгө оруулалт татах, цаашид улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд нэг чухал алхам болно гэж үзэж байна.

Өнгөрсөн жил манай Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Катар улсад айлчлахдаа тус улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид бараалхан уулзахдаа ноён Шейхийг Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг дамжуулсныг талархан хүлээн авсан ч энэ удаа Батлан хамгаалахын сайд нь ийнхүү айлчилж байгаа юм. Тэрбээр 10-ны өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид мөн бараалхана.

Катар Улсын Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний Их баяр наадам, Тулгар төрийн 2223 жилийн ой, Их  Монгол Улс Байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийг үзэж, Хүй долоон худагт зочилж, шүдлэн насны морин уралдаан үзэж сонирхох ажээ.