sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Катарын Батлан хамгаалахын сайд Хамад бин Али Аль Аттияхыг хүлээн авч уулзав. Катарын Батлан хамгаалахын сайд Эмирийн бие төлөөлөгч болж ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Катарын эрхэм дээд Эмир Шейх Тамим бин Хамад бин Халиф ааль-Тхани, түүний эцэг өмнөх Эмирийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрхэм дээд Эмир мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлээд  Эрхэм дээд Эмирт болон түүний эцэг, өмнөх  Эмир Шейх Хамад бин Халиф ааль-Тханид чин сэтгэлийн хариу мэндчилгээ  уламжилж, тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов. Эрхэм зочид Монголын үндэсний их баяр наадмын үеэр, тааламжтай сайхан цаг улиралд морилон ирсэнд нь талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зочдод хандан хэлсэн үгэндээ “Хоёр орны батлан хамгаалах салбарын хоорондын харилцаа бэхжиж байгаад туйлын баяртай байна. Катар улсын зүгээс Монголд зам барих, энхийг сахиулагчдыг дэмжих зэргээр тодорхой ажил хийж байгаа. Катар бол богино хугацаанд амжилттай хөгжиж байгаа орон. Баялгаа их зөв ашиглаж улс орноо хөгжүүлж чадсан гэж боддог.

Монгол Улс байгалийн баялгаа зөв ашиглаж улсаа хөгжүүлэх талаар та бүхнээс суралцах, хамтарч ажиллах сонирхол бий. Би өмнө нь Катарт айлчилж байхдаа Эрхэм дээд Эмиртэй уулзаж, чин сэтгэлээсээ нээлттэй ярилцаж байсан нь гүн сэтгэгдэл үлдээсэн.Та бүхний айлчлалд амжилт хүсье” гэлээ.

Катарын Батлан хамгаалахын сайд хариу үгэндээ “Монгол Улсад ирээд маш хурдацтай хөгжиж дэвшиж байгааг ажиглалаа. Бидний хийж байгаа айлчлал хоёр орны харилцааны нэгэн илэрхийлэл, хүндэтгэлээ илэрхийлж байгаагийн нэг хэлбэр болж байгаа юм” гээд хоёр орны батлан хамгаалах салбарын албан хаагчид хамтарсан сургуульд оролцож хамтын ажиллагаа улам бэхжүүлэх гэж буйг тэмдэглэв. Мөн Катарт сурч буй оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой гэж байлаа.

Катарын Батлан хамгаалахын сайд өмнө нь Монголд айлчилж байсан бөгөөд монгол гэр ихэд таалагдаж, гэр аваачиж Катарт барьснаа сонирхуулж байв.