sonin.mn
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 512 бөх зодоглосноос 8 шинэ цолтон төрлөө. Энэ жилийн наадмаас улсын начин 5, улсын харцага 1, улсын гарьд 1, улсын арслан 1 нийт найман шинэ цолтон төрж, хурсан олноо баясгалаа. Харин өсвөрийн бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон аж. Харин хурдан морины уралдаанд 6 насны ангилалд 1738 хүлэг бүртгүүлсэнээс 1574 хурдан буян торгон жолоогоо өргүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд 18 аймаг, хоёр хот, есөн дүүргийн 50 багийн 490 гаруй тамирчин өрсөлдсөн бол нийт 760 гаруй эрхий мэргэн цэц мэргэнээ сорьсон гэсэн дүн гарчээ.
 
Харин наадмын гурав дахь зохиогддог Уяачдын наадмын үеэрх эрлийз морьдын уралдаанд 246 ажнай тоосоо өргөсөн бол жороо морьдын уралдаанд 30 гаруй хүлэг оролцжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг