Бүсгүйчүүд бидний шүүгээнд юу эс байдаг билээ дээ. Магадгүй танд өмсдөггүй хуучин юбка байж л байгаа. Түүнийгээ хаяхад хайран, харин өмсөхөд уйтгартай санагдаад байвал моданы болгоод өөрчилчихье. Ийм загвар сүүлийн үед моданд орж байгаа шүү. Тун хямд өртгөөр энгийн хар бошинзоо үнэтэй харагдуулж болно. Олон төрлийн гялалздаг тууз бүхий бошинз нь шүүгээний чинь хүндэт хувцаснуудын нэг болох нь лавтай. Учир нь энэ юбка ямар ч жирийн цамцыг амилуулах болно.
 
1. Хэрэг болох зүйлс:
Хар юбка
Янз бүрийн тууз, эмжээрүүд /хүссэн өнгөөрөө/
Утас
Зүү
Хайч

2. Туслах материалын дэлгүүрүүдээр зарагддаг янз бүрийн туузнууд, эмжээрүүдээс хүссэн өнгөө сонгоод, өнгө хооронд нь уусган ашиглаж болно.

3. Үүнийг хийхэд маш амархан:

Юуны түрүүнд эмжээрүүдээ юбканыхаа тойргийн хэмжээгээр хайчилан бэлэн болгоно. Хэрвээ эмжээрийн маань үзүүр нь хөвөх хандлагатай байвал үзүүрүүдийг нь бага зэрэг түлж өгнө. Гэхдээ даавуун төрлийн материалыг түлж болохгүй гэдгийг санах нь зүйтэй.

Бэлэн болсон эмжээрийг нэг нэгээр нь юбканыхаа дээд хэсгээс эхлэн оёж тогтооно. Хоёр үзүүрийг нь дотогш нь нугалан юбканыхаа хажуу юм уу ард талд нь оёдлыг нь дагуулан оёвол цэвэрхэн болно.

Ингээд таны хийсэн бүтээл зураг дээр шиг байхаар өнгө уусган оёвол зүгээр. Нэг их цаг, мөнгө шаардахгүй моданы юбкатай болчихно.

Эх сурвалж: "Ган зам"