sonin.mn

Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Ахлах албан тушаалтнуудын хуралдаанд манай төлөөлөгчдийг тэргүүлэн АСЕМ-ын Зүүн Хойд Азийн орнуудын бүлгийн зохицуулагч, ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр оролцов.

Xуралдааныг Европын Холбооны Гадаад харилцааны АСЕМ хариуцсан албаны захирал В.Будура даргалж, Европын Холбоо, Итали, Малайз болон Монголын Ахлах албан тушаалтнууд бүс нутгийн дэд бүлгүүдийн уулзалтыг удирдан явууллаа.

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын энэ удаагийн хуралдаанаар “Тогтвортой өсөлтийн төлөөх хариуцлагатай түншлэл” сэдвээр 2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудал, гаргах төгсгөлийн баримт бичиг болон 2016  онд болох АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдсон бэлтгэл ажил зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн манай төлөөлөгчид АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын хүрээнд 7 дугаар сарын 8-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулсан “АСЕМ: 21 дүгээр зууны төлөө түншлэл” сэдэвт бага хуралд оролцов.