sonin.mn

Нью-Йорк хотноо 2014 оны 7 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлаарх Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Халдварт бус өвчинтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2011 онд баталсан Халдварт бус өвчинтэй тэмцэх, хяналт тавих тухай Улс төрийн Тунхаглал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Үйл ажиллагааны 2013-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад Монгол Улсын Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэв.

http://www.mfa.gov.mn/images/123/20140716udval.jpg

Тухайлбал, Ерөнхий сайдаар ахлуулсан  Үндэсний хороог байгуулж, бодлогын баримт бичиг батлуулах, салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зэргээр бодит арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрч буйг танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 онд санаачилсан  "Архигүй Монгол" хөдөлгөөн, Тамхины хэрэглээнд хяналт тавих хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг танилцуулж, халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх чиглэлд тодорхой ахиц гарч буйг дурдав.

Архины зохистой хэрэглээний тухай Олон улсын хүрээ конвенци байгуулж хэрэгжүүлэх тухай манай улсын санаачлалыг урагшлуулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж буй яриа хэлэлцээгээ тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа сайд Н.Удвал хэлсэн үгэндээ мөн онцлов.

http://www.mfa.gov.mn/images/123/20140716udval2s.jpg

Түүнчлэн Нью-Йорк хотноо ажиллаж буй сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан Сайд нарын түвшний хэлэлцүүлэгт Ази, Номхон далайн орнуудын бүсийг төлөөлөн үндсэн илтгэгчээр мөн оролцож, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр Монгол Улсаас төдийгүй бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал доктор М.Чантай уулзаж санал солилцсон болно.