sonin.mn

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадамд энэ сарын 13-нд Чингисийн талбайд болсон билээ.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт алба хаагчид, 28 хорооны иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцов. Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, бахархан бахадсан энэ наадамд Баянзүрх дүүргийн 4-80 насны 1800 гаруй иргэд оролцсон байна.

Энэ жилийн “Дээлтэй монгол” наадамд баянзүрхчүүд есөн хүлэг баатар, есөн эрдэнэ бүхий гэр, үндэсний бичиг соёлоо хурсан олонд сурталчлан таниулж, эртний хадны сүг зураг, соёмбо үсэг, дөрвөлжин үсэг, уйгаржин монгол бичиг бүхий самбаруудыг наадмын арга хэмжээний үеэр олон нийтэд харуулсан.

Мөн Ганжуур, Данжуур, Монголын нууц товчоо зэрэг судар номыг дээдлэн, Алунгоо эх таван хүүгийн хамт, Чингис хаан, Богд хаан, Дондогдулам хатан болон ард иргэдтэйгээ уг наадамд “хүрэлцэн” ирсэн юм.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч нарт цамын бүжиг, олон ястны бүжгийг сонирхуулсанаараа онцгойрч байв. Морин хуур, уртын дуу, бий биелгээ, эрийн гурван наадам, бөмбөрийн жагсаал гээд энэ жилийн наадамд дээлтэй баянзүрхчүүд маш амжилттай оролцож, дэд байрын шагналын эзэд боллоо.

“Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготойг зохион байгуулагчид нь онцолж байсан юм.