sonin.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ”Монгол Улс, ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг энэ сарын  2-ноос 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулга уулзалтад хоёр улсын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид оролцсон байна.

Тус арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эхлүүлэх, хойшид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох зэрэгт оршсон бөгөөд энэ үеэр 2 орны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улс болон ӨМӨЗО-ны Худалдаа Аж Үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол Монголын банк санхүүгийн байгууллагыг төлөөлж Голомт банк ӨМӨЗО-ны хамгийн том банк  болох “Bank of Inner Mongolia”-тай хамтран ажиллах гэрээг үзэглэснээр стратегийн ач холбогдолтой түншийн харилцааг тогтоолоо.

Ингэснээр хоёрорны бизнес эрхлэгчдийн хувьд аль улсад байгаагаасаа үл хамааран худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, хамтарсан зээл, арилжаа, хадгаламж гээд  санхүүгийн  бүхий л төрлийн үйлчилгээг авах давуу эрх нээгдэх юм.