sonin.mn

Монгол банк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран энэ оны эхний хагас жилд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г гаргажээ.

Монгол иргэдийн гадаад улс орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилготойгоор судалгааг хамтран хийжээ.

Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой болжээ.

Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаас хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан ялгаатай байгаа бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар байна. Энэ нь одоогийн төлбөрийн тэнцэлд ашиглагдаж буй 2005 оны судалгааны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт юм.

Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд зарцуулдаг зэрэг үр дүн гарсан байна.

Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг