sonin.mn

Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороо, Хүйтний хонхорхойд нутаглаж байгаа Төв аймгийн Баянцагаан сумын иргэн н.Нармандахынд хоёр иргэн энэ сарын 13-нд үхсэн малын сэг зэмийг задалсан байна. Үүний улмаас С.Ганбаатар (54 настай эрэгтэй), Д.Наранцэцэг (48 настай эмэгтэй) нар боомын халдвар авсан шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  

Тухайн голомтонд 1100 бог, 75 адуу, 64 үхэр нийт 1239 толгой мал байгаа бөгөөд гурван км-ийн радиустай хорио цээрийн дэглэм тогтоож холбогдох арга хэмжээг авлаа. Үхсэн хоёр хонь, хоёр ямааг устган урьдчилан сэргийлэх үзлэг, тарилга, ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Боом илэрсэн хоёр айл нь нутгаасаа гараад Төв аймгийн Алтанбулаг сумаар дайран нүүдэллэн ирсэн бөгөөд зам зуур мал нь үхэж байсан байна. Тиймээс цагдаагийн албан хаагчид нүүдэллэн ирсэн замыг нарийн тогтоож ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийхээр ажиллаж байгаа ажээ.

Боом нь өвчтэй мал, амьтдаас (тэжээвэр) хүнд амьсгал, ахуйн замаар халдаж булчирхайг өвчлүүлдэг, аминд хүрэх аюултай өвчин юм. Боомын савханцар нь хуяг, бүрхүүл үүсгэдэг, гадаад орчинд ялангуяа газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддаг байна.

Уг асуудлаар ХУД-ийн онцгой комисс хуралдан өвчин гарсан бүсэд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Төв аймгийн эмнэлэгээс тухайн айлуудын бусад хүмүүст эрүүл мэндийн хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Нийслэлд боом өвчний дэгдэлт үүсэхээс сэрэмжлэн НОБГ-ын зүгээс хотын төвийн таван дүүргийн Засаг дарга, онцгой комисст  хандан албан тоот хүргүүлж, өөр аймгийн нутгаас нүүдэллэн ирсэн мал бүхий айлуудыг 10 хоногт багтаан нутаг дэвсгэрээсээ гаргах тушаал өгсөн байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг