sonin.mn

"Оюутан цагдаа" хөтөлбөр наадмын үеэр нийт иргэдэд 1815 санамж сэрэмжлүүлэг, зөвлөмж тараан 3340 иргэнд туслалцаа үзүүлжээ.

 Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зохион явуулж байгаа “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  гадаад хэлний мэдлэгтэй 25 оюутан хуваарилагдан ажиллав.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Богд хааны ордон музей, Зайсан толгой, Энхтайваны гүүр зэрэг нийт 13 чиглэлд оюутнууд үүрэг гүйцэтгэн  Наадмын нээлт, үндэсний бөх, сурын харвааг сонирхохоор ирсэн гадаадын жуулчдад тусламж үзүүлсэн байна. Мөн халаасны хулгай болон авто машины эд зүйл алдагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өглөөний 09.00 цагаас 22.00 цагийн хооронд ажиллажээ.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг