sonin.mn

Баяр наадмын өдрүүдээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4000 гаруй байгууллагад хийсэн хяналт, шалгалт, зөрчлийн дүн болон өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай, Завхан, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан боом өвчний талаар мэдээлэл өгөв.

Долдугаар сарын  14-ны өглөө Хан-Уул дүүргийн 13-р хороо Хүйтний хөндий гэх газар боом өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар хамтран хуралдаж, хяналт тавиж ажилласан байна.

Төв аймгийн Баян-Хангай сумийн иргэн, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр оршин суугч н.Нармандахын 2000 гаруй малд өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс  Хан-Уул  дүүргийн засаг дарга 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоох тушаал гаргажээ. Өвчний голомттой  ойр байрлах 4000 гаруй малд вакцин хийх ажил үргэлжилж байна.

НМХГ-ын ХХАҮҮ хэлтсийн дарга Д.Хоролмаа “н.Нармандах гэх айлын туслах малчины гэр бүлийн хоёр хүн боомоор өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эхэлж, мэдэгдлийг албан байгууллагууд хүргүүлж байна.

Улаанбаатар хотын мал бүхий 600 орчим өрхийн 300 мянга гаруй малд халдваргүйжүүлэх хуваарьт вакцинд хамрагдаж байна. Боом өвчинөөс урдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймагт найман өрхийн 6000 гаруй мал, Говь-Алтай аймгийн 23 айлын 7500 малд вакцин хийсэн” гэлээ.

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх орчмын газруудад  НМХГ болон дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газрын 111 байцаагч хоёр хэсэгт хуваагдан ажиллажээ. Байцаагчдын зүгээс халдварт хордлого гаргахгүй байхад голчлон анхааран ажилласан бөгөөд хордлого, халдварт хордлогын тохиолдол гараагүй байна.

Энэ жилийн хувьд  61 мах, хиам, 21 айргаас дээж авч шинжилсэн аж. Шинжилгээний дүнд 4,5 кг мах, хиам, 36 ширхэг муудсан өндөгийг илрүүлж байцаагч газар дээр нь акт бичиж, зарж борлуулахыг хориглолоо. Улсын наадамд 10 морь унаач хүүхэд унаж, хөнгөн  бэртсэн бол Дундговь аймгийн Эрин суманд нэг хүүхэд  хүнд гэмтэж ГССҮТ-д эмчлүүлж байна.

МХЕГ-ын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын газрын дарга  Д.Батмөнх “Энэ жил улсын наадамд давхардсан тоогоор 100 мянга гаруй хүүхэд хурдан морь унасан. Тухайн аймгийн МХГ, Уяачдын холбоо, Хүүхэд хөдөлмөрийн хэлтэс, унаач хүүхдийн ар гэрийнхэнтэй хамтран гэрээ байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байлдыг дээрх байгууллагууд хамгаалж, хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

НМХГ-ын ҮҮХХ дарга А.Гэрэлмаа, “Нийтийн хоолны болон хүнс үйлдвэрлэгчдэд эрсдэл гарахаас урдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавиж ажиллаа. Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 4000 гаруй аж, ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхэлсэн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд халуун тогоонд гал гаргах зориулалттай ашигладаг хүнсний бус зориулалтын спиртийг гурван хүн ууж, амь эрсдсэн тохиолдол гарлаа. Этилийн спиртийг 30 грамм хэрэглэхэд хүний амь насанд хохирол учруулдаг” гэлээ.

Т.Ариун

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг