sonin.mn

МОСКВА. /Ёнхап/. Малайзын онгоцны осолд Украины салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчнийхэн буруутай гэдгийг нотлох баримтыг Украины тагнуулын алба олж авсан байна. Салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчнийхний утасны  яриаг тагнуулынхан чагнаснаар нотлох баримт олжээ.

Салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчний удирдагчдын нэг болох Игорь Безлер Оросын цэргийн албан тушаалтанд утсаар илтгэхдээ, салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчнийхэн онгоцыг унагаасан гэх утгатай үг хэлжээ. Игорь Безлер нь өмнө нь ОХУ-ын тагнуулын байгууллагад ажиллаж байсан бэлтгэл офицер аж.

Мөн онгоц осолдсон газраас 25 километрын зайд пуужин харвасан тухай салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчний хоёр хүн утсаар ярилцжээ. Украины тагнуулын ажилтнууд эдгээрийг баримтжуулсан байна.

Украины Засгийн газар дээрх хоёр баримтын дагуу онгоцны осолд салан тусгаарлах хүчнийхэн буруутай гэж үзэж байгаа боловч уг баримтууд бүрэн баталгаатай эсэх нь тодорхойгүй юм.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг